ӨВӨРХАНГАЙ: Нэгдүгээр сургуулийн 1990-2012 оны төгсөгчдийн спортын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-19 15:11:33

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн ууган сургуулиудын нэг болох Арвайхээр сумын “Алтангадас одонт Нэгдүгээр сургуулийн 1990-2012 оны төгсөгчдийн спортын тэмцээн боллоо.


Анх 2016 оноос эхэлсэн төгсөгчдийн спортын тэмцээн жил ирэх тусам хүрээгээ тэлж, оролцогчдын тоо нэмэгдэж байна. Энэ удаагийн тэмцээнийг 2008 оны төгсөгчид сагсан бөмбөг, волейболын төрлөөр зохион байгуулж, 60 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд хамгийн ахмад нь 60 настай тамирчин байв.

Нэгдүгээр сургуулийг 2008 онд хамгийн олон төгсөгч буюу 370 гаруй хүүхэд төгссөн байна. Тус төгсөлтөөрөө эвлэлдэн нэгдэж, “Хөгжлийн ган хэлхээ” ТББ-ыг байгуулан боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хүмүүнлэг, хууль эрх зүйн чиглэлээр нийгмийн цуврал үйл ажиллагааг хэрэгжүүлж иржээ.



Дашрамд дурдахад Арвайхээр сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль нь анх 1926 онд улсын хангамжтай сургууль болон үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Сургуулийн хамт олон улсдаа ямагт үлгэр жишээ болж манлайлсаар ирсэн ололт амжилтыг нь өндрөөр үнэлж 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас одон”-оор шагнан өргөмжилсөн юм.


Тус сургуулиас 110 гаруй эрдэмтэн, 20 гаруй гавьяат цолтон төржээ.  2023-2024 оны хичээлийн жилд 130 гаруй багш ажилчид, 2700 суралцагчидтайгаар сургалт, хүмүүжлийнхээ ажлыг явуулж байна.










Холбоотой мэдээ