Эрсдэлийн үндэсний форумын эхний өдрийн арга хэмжээ өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-20 17:01:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой хөгжил” сэдвээр зохион байгуулж буй эрсдэлийн үндэсний форумын эхний өдрийн арга хэмжээ өндөрлөлөө.


Эрсдэл хэмээх нэр томьёо нь тодорхой аюул тохиолдоход тухайн нутаг дэвсгэр, байрлал дахь хүн ам, обьект, эд хөрөнгөд учруулах хохирлыг илэрхийлэх ойлголт юм. Энэ ч утгаараа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудлуудын нэг юм. Олон улсын туршлагаас харахад, гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хор хохирлыг арилгахаас 15-20 дахин бага зардал шаардана гэдгийг тогтоосон байдаг аж. Тиймээс эрсдэлийг бууруулах хүрээнд олон нийтийн боловсролд анхаарах, төр, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг сайжруулах, олон улсын амжилттай туршлагыг нэвтрүүлэх, даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэлэлцэв. Тус сэдвийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун “Эрсдэл ба даатгалын салбарын хөгжил”, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж “Эдийн засгийн бодлогын чиглэл, анхаарах зарим эрсдэл” сэдвээр тус тус илтгэл танилцуулсан юм. 


Нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцож байгаа тус чуулган маргааш үргэлжилнэ.


Холбоотой мэдээ