ЗАВХАН: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд сэтгэл зүйн зөвлөгөөг өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-21 13:15:22

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Тус аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төв өнөөдрийн байдлаар нийт 299 хүнд 2343 хоногийн үйлчилгээ үзүүлээд байна.

Нэг цэгийн үйлчилгээний төв нь 2018 онд аймгийн Цагдаагийн газрын дэргэд хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан.

Өнөөдрийн байдлаар нийт 299 хүнд үйлчилгээ үзүүлээд байна. Үүний 182 нь хүүхэд, 117 нь насанд хүрэгч байна.

Тус төв нь хүчирхийллийн хохирогчдын аюулгүй байдлыг хамгаалахаас гадна хүүхэд хамгаалал, сэтгэл зүй болон хууль эрхзүйн зөвлөгөөг өгөх. Эрүүл мэнд, боловсрол, өмгөөллийн үйлчилгээ, холбон зуучлах гэсэн чиглэлүүдээр үйлчилгээ үзүүлдэг.


Нэг цэгийн үйлчилгээний төв нь хохирогчдоос гадна гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэгчдийг танхимын болон ганцаарчилсан сургалтад хамруулан, сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөөг өгч байгаа нь жишиг болохуйц сайн туршлага юм.

Өөрөөр хэлбэл нэг цэгийн үйлчилгээний төв гурван үндсэн чиглэлийн үйл ажиллагааг сайн туршлага болохуйцаар явуулдаг. Тухайлбал салбар хоорондын олон талт хамтын ажиллагааны  механизмийг бэхжүүлэх. Сэтгэл зүйн үйлчилгээг хохирогч, даван туулагчид, хүчирхийлэл үйлдэгчдэд үзүүлэх. Даван туулагчдад хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх юм гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.  


Ташрамд Завхан аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвийн удирдлагын багийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих ахлан ажиллаж байна. Улсын хэмжээнд  хүүхэд хамгааллын асуудлыг нэгдүгээрт тавьж, онцгой анхаарч байна. Завхан аймаг ч энэ бодлогыг баримтална.

Хүүхдүүд зөвхөн гэр бүлийн орчинд биш, сургууль, цэцэрлэг, олон нийтийн орчинд ч хүчирхийлэлд өртөж байгааг бид анхаарч ажиллах шаардлагатай байна.


Ямар ч асуудлаас нэн тэргүүнд хүүхдийн эрхийн асуудлыг тавих ёстойг удирдлагийн багийн ахлагч онцлон тэмдэглэсэн. Нэг цэгийн үйлчилгээний төвийн удирдлагын багийн хурал болж тайлан, мэдээлэл, тулгамдаж буй асуудлууд цаашид хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ