Болгарын Ерөнхий сайд огцроход бэлэн гэдгээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-11-21 14:04:38

СОФИЯ, 2023 оны арваннэгдүгээр сарын 21. /TASS/. Болгарын Ерөнхий сайд Николай Денков хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид цагдаа нарын хүчирхийлэлд өртсөн явдлыг зохих ёсоор шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохгүй бол огцроход бэлэн байгаагаа мэдэгдлээ.


"Цагдаагийн байгууллагад системийн асуудал байгаа нь тодорхой байна. Үүнийг шийдэх ёстой. Бороохой хэрэглэж, иргэдийг шалтгаангүйгээр зодсон этгээдүүд цагдаад байж болохгүй. Дотоод хэргийн сайд Калин Стоянов болсон явдлыг хүнд хэлбэрийн хүчирхийлэл гэж үзэхгүй бол, мөн гэм буруутай хүмүүст хатуу арга хэмжээ авахгүй бол би огцорно" гэж Н.Денков хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.


Ерөнхий сайд цагдаа нарын түрэмгий үйлдлийг сайтар шалгаж цэгцлэх комисс байгуулахыг парламентад санал болгосон байна.


Ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй иргэдийг цагдаа нар зодож буй бичлэгийг тус улсын томоохон телевизүүд дөрөв дэх өдрөө үзүүлж байна. Олон нийтийн сүлжээнүүдэд мөн олон арван бичлэг тавигджээ. Олон цагдаа баг зүүсэн, дүрэмт хувцсандаа тусгай дугааргүй байсан нь мөрдөн шалгалтын явцад хүндрэл учруулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Одоогийн байдлаар эрх мэдлээ хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн таван цагдааг илрүүлээд байгаа аж. 


Арваннэгдүгээр сарын 16-нд 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Болгар, Унгарын шигшээ багуудын тоглолт эхлэхийн өмнө 5 мянга орчим хөгжөөн дэмжигчид Болгарын Хөл бөмбөгийн холбооны  удирдлагыг огцрохыг шаардан жагсжээ.


Хөл бөмбөгийн холбооны удирдлагуудын шийдвэрээр цэнгэлдэх хүрээлэнд орохыг хориглосон хөгжөөн дэмжигчид цагдаа нар руу чулуу, салют шидэж, хогийн сав, автомашин галдан шатааж, автомашин, дэлгүүрүүдийн цонхыг хагалж эхэлжээ. Түрэмгий авирласан жагсагчдыг тараахын тулд цагдаа нар ус шүршигч болон бусад тусгай техник хэрэгслийг ашиглахаас өөр аргагүйд хүрчээ. Жагсагчид болон цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөний улмаас хэдэн арван хүн гэмтэж бэртсэн байна. Нийгмийн хэв журам зөрчсөн хэргээр 33 хүнийг саатуулжээ.


Болгарын Хөл бөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны хурал Софи хотод пүрэв гарагт болж, хөгжөөн дэмжигчдийн эсэргүүцэл, Болгарын хөл бөмбөгт үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх төлөвтэй байна. Холбоог 18 жил удирдаж буй тус улсын хөл бөмбөгийн шигшээ багийн хаалгач асан Борислав Михайловыг албан тушаалаас нь огцруулна гэж Болгарын хэвлэлүүд мэдээлж байна.



Холбоотой мэдээ