Газын асуудлаар холбоо тогтоох бүлэг Орос, Их Британи, Франц, АНУ-д айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА, 2023 оны арваннэгдүгээр сарын 21. /Anadolu/. Газын зурвас дахь нөхцөл байдлын асуудлаар холбоо тогтоох бүлгийн төлөөлөгчид ирэх өдрүүдэд Орос, Их Британи, Франц, АНУ-д айлчилна.
Тус бүлгийн бүрэлдэхүүнд Египет, Индонез, Иордан, Нигери, Палестин, Саудын Араб, Турк улсуудын Гадаад хэргийн сайд нар, мөн Исламын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга багтаж байгаа ажээ. Бүлгийн төлөөлөгчид өчигдөр Хятадад хэлэлцээ хийсэн бол өнөөдөр Москвад айлчлах аж. Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Алжирт хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтсан тул БНХАУ-д хийсэн уулзалтад оролцож чадаагүй бөгөөд ОХУ-д болох хэлэлцээнд мөн оролцохгүй.
Төлөөлөгчид лхагва гарагт Лондон, Парист айлчлах төлөвтэй байгаа бөгөөд тэднийг Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хүлээн авч уулзана. Эдгээр уулзалтад Туркийн Гадаад хэргийн сайд оролцох юм. Төлөөлөгчид дараа нь АНУ-ыг зорих боловч тус улсад хэдийд айлчлах нь тодорхойгүй байна.
Газын зурвас дахь нөхцөл байдлын асуудлаар холбоо тогтоох бүлгийг Эр-Рияд хотноо Турк улсын удирдлага дор зохион байгуулсан Исламын хамтын ажиллагааны байгууллага, Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр гарсан шийдвэрийн дагуу байгуулжээ. Бүлгийн төлөөлөгчид нэн даруй гал зогсоох, Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг тасралтгүй хүргэх зорилгоор "Израилд нөлөөлж чадах" НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн орнуудын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөжээ.