АБГББХ: Байнгын хорооны даргаар Б.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-21 15:41:26

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлд, байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ. Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно хэмээн заасан.


УИХ дахь МАН-ын бүлгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулах саналыг оруулсан байна. Б.Энх-Амгалан нь 2020 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, 2022 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй юм. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь Б.Энх-Амгаланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.




Холбоотой мэдээ