Энэтхэгт хонгилд гацсан ажилчдыг аврах ажиллагаа үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-11-21 16:07:04

ШИНЭ ДЕЛИ, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /AP/. Энэтхэгийн хойд нутгийн Уттаракханд мужид нурсан хонгилд гацаад байгаа барилгын 41 ажилчин мягмар гарагт халуун хоол иджээ. Шинээр суурилуулсан ган хоолойн тусламжтайгаар тэдэнд хоол хүргэж эхэлсэн байна


Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дипа Гаурын мэдээлснээр, даваа гаргийн орой нуранги руу оруулсан 15 см-ийн хоолойгоор будаа, сэвэг зармаар хийсэн хоолыг оруулсан байна. Ажилчид сүүлийн есөн өдрийн турш нарийн хоолойгоор оруулсан хуурай хоолыг идэж байжээ. Тэднийг мөн тусдаа хоолойгоор хүчилтөрөгчөөр хангаж байна.


Мягмар гарагт холбогдох албаныхан хоолойгоор камер оруулснаар барилгын малгай өмссөн ажилчид хонгил дотор явж, газар дээрх аврагчидтай богино долгионы радио станцаар холбогдож байгааг харуулсан дүрс бичлэгийг нийтэлжээ. Ажилчдын ар гэрийнхэн аврах ажиллагаа сунжирсаар байгаад санаа зовниж, бухимдах болсон байна.


Энэ сарын 12-нд хөрс нурсны улмаас барьж байсан 4.5 км урт хонгилын хэсэг гарах гарцнаас 200 метрийн зайд нурснаас хойш барилгын ажилчид хонгилд гацаад байгаа юм. Тэднийг аврахаар 200 орчим хүнээс бүрдсэн бие бүрэлдэхүүн өрөмдлөгийн техник хэрэгсэл, экскаватор ашиглан ажиллаж байна.

Холбоотой мэдээ