ДАРХАН-УУЛ: Үндэсний хувцас алдаршуулах “Уран үйл-2023” төвийн бүсийн урлаачдын уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Эмэгтэйчүүдийн “Дархан Бриллиант клуб” ТББ-аас санаачлан Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Залуучууд театртай хамтран Монгол үндэсний хувцсыг алдаршуулах “Уран үйл-2023” төвийн бүсийн урлаачдын шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг ням гарагт зохион байгууллаа. Тус уралдаанд Төв, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн нийт 17 оролцогч үндэсний, гоёлын, чөлөөт төрлөөр 80 гаруй бүтээлээрээ оролцсон аж. Бүтээлийг хоёр үе шаттай шалгаруулж, шилдгүүдийг тодруулсан байна.
Тус уралдаан нь Монгол Үндэсний хувцас урлаачдын ур чадварыг сорих, тэдний бүтээлийг алдаршуулах, урам зоригийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, харилцан суралцахын зэрэгцээ Дарханы брэнд бүтээл төрүүлэх зорилготой анх удаа зохион байгуулагдсан аж.
Урлаачид уламжлалт болон гоёлын дээл, чөлөөт загварын дээлээр оролцсон бөгөөд дизайны уран сайхны шийдэл, шинэлэг байдал, өнгөний зохицол, материалын сонголт, бүтээлийн хүний биед суух, тохирох байдал зэргийг харгалзан шилдгүүдийг тодруулж алдаршуулжээ.
Тус тэмцээний тэргүүн байрт Дархан-Уул аймгийн урлаач Б.Баярцэнгэлийн бүтээл шалгарч өргөмжлөл, хоёр сая төгрөгийн эзэн болсон аж. Дэд байрт Дархан-Уул аймаг дах Политехник коллежийн Оёмол бүтээгдэхүүний оёдолчны ангийн гуравдугаар дамжааны оюутан Б.Ариун-Эрдэнийн бүтээл шалгарч өргөмжлөл нэг сая төгрөг, гуравдугаар байрт Төв аймгийн Баянхангай сумын “Дэвжих Гурван Билэг” салоны урлаач Е.Урантогосын бүтээл шалгарч өргөмжлөл таван зуун мянган төгрөгөөр шагнажээ.
Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр Дархан-Уул аймгийн “MZL” салоны урлаач Б.Мөнхзул, Бриллиант клубийн нэрэмжит шагналыг Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Эргүн” салоны хамт олон, шүүгчдийн нэрэмжит шагналыг Дархан-Уул аймгийн “Undraa’s design” салоны урлаач Ундармаа, Дархан-Уул аймгийн “Сэтгэмж” урлангийн урлаач Ж.Батцэцэг, Дархан-Уул аймгийн “Өгөөмөр” салоны урлаач Д.Адъяасүрэн нар тус тус шалгарч “Уран үйл-2023” бүсийн уралдааны шилдгүүдээр тодорчээ.
Түүнчлэн Залуучууд театрт болсон Монгол Үндэсний Үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаанд Төв, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 60 гаруй урлаач оролцсон аж. Эдгээрээс үлгэр жишээ оролцогчоор Бүлган аймгийн Бүрэнхангай сумын “Хатангоо” салон, шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнээр Дархан-Уул аймгийн “U Sanaa” брэнд тус тус шалгарсан байна.
Тус үзэсгэлэнд урлаач, гар урчууд үндэсний дээл, малгай, гутал, хүрэм, арьсан цүнх, бүс, тэлээ, шаахай, үхрийн шир, модон авдар, сувинер, сүлжмэл эдлэл, шүр сувдан ээмэг, зүүлт, бугуйвч, үсний уут, толгойн гоёл, хатгамал, хүүхдийн дээл хантааз, хөнжил, ноос ноолууран бүтээгдэхүүн, органик саван, угаалгын нунтаг зэрэг ур ухаан хөдөлмөр шингэсэн бүтээлүүдээ дэлгэжээ.
Бүсийн уралдаанд УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Б.Жавхлангийн ажлын алба, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын ажлын алба, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Залуучууд театр, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дархан-Уул аймаг дахь танхим, Дархан-Уул аймгийн Ажил Олгогч Эздийн Холбоо, “Дархан Нэхий” ХК, “Дархан Минж” ХХК, “Дархан савхи” ХХК байгууллагууд дэмжин, хамтран ажиллажээ.