Израилын Засгийн газар ХАМАС-тай хийсэн тохиролцоог баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-11-22 09:47:31

ТЕЛЬ-АВИВ, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /BBC/. Израилын Засгийн газар хэдэн цаг хэлэлцсэний эцэст ХАМАС бүлэглэлтэй хүрсэн тохиролцоог баталлаа. 


Өнгөрсөн сарын 7-нд тус бүлэглэлд барьцаалагдсан Израилын зарим иргэдийг суллах, байлдааны ажиллагааг түр зогсоох, Израилын шоронгоос зарим палестин хоригдлуудыг харилцан суллах талаар талууд тохиролцоонд хүрчээ. 


Хэлэлцэн тохиролцсоны дагуу эхний ээлжид ХАМАС хөдөлгөөн Газын зурваст барьцаанд байлгаж байгаа 50 орчим израил эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллах ёстой. Харин Израилын тал байлдааны ажиллагааг дөрвөн өдөр түр зогсоох хугацаанд эмэгтэйчүүд, өсвөр насныхан голдуу 150 орчим палестин хоригдлыг суллана. Түүнчлэн Засгийн газрынх нь баталсан тохиролцооны дагуу Израил улс хүмүүнлэгийн тусламж ачсан 300 орчим ачааны машиныг Египетээс Газын зурвас руу өдөр бүр нэвтрүүлнэ. Гал зогсоох хугацааг эхний үе шатанд заасан хугацаанаас сунгасны хариуд хоёр дахь шатанд ХАМАС бүлэглэл 100 хүртэл хүнийг суллаж магадгүй байна. 


Дээрх тохиролцоо хэрэгжвэл Палестин-Израилын мөргөлдөөн хурцдаж эхэлснээс хойш байлдааны ажиллагааг анх удаа түр зогсооход хүргэсэн “хамгийн том дипломат амжилт” болох юм.

Холбоотой мэдээ