Эрсдэлийн үндэсний форумд салбар бүрийн 2400 төлөөлөл оролцож, санал дүгнэлтээ гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-22 17:44:41

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулсан Эрсдэлийн үндэсний форум Төрийн ордонд гурван өдөр үргэлжилж өндөрлөв.


Улс оронд тулгарч байгаа нийгэм, эдийн засаг, гамшгийн болон бусад эрсдэл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг эрэлхийлж, төр-хувийн хэвшил, иргэний нийгмийн зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулах, хамтын шийдлийг олох зорилготой энэхүү арга хэмжээнд Шадар сайдын ажлын алба, яам, агентлагууд, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Мандал санхүүгийн нэгдэл ХХК, аймаг, нийслэлийн ЗДТГ, мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монгол Улсад суугаа гадаад орны Дипломат төлөөлөгчийн газрууд, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 2400 гаруй төлөөлөгч оролцлоо. Форумын хүрээнд “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал”, “Гамшгийн эрсдэл ба бэлэн байдал”, “Гамшгийн үеийн нийгэм хамгааллын асуудал”, “Хүн амын эрүүл, аюулгүй байдал”, “Хүнсний аюулгүй байдлын асуудал”, “Барилга, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарын эрсдэл ба стандарт”, “Гамшгаас хамгаалах бэлэн байдал, үндэсний чадавх” зэрэг сэдвээр гурван өдөр холбогдох салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, дараах санал дүгнэлтийг гаргасан байна.


Барилга, дэд бүтцийн тэсвэртэй байдал, хот төлөвлөлтийн чиглэлээр:

-Барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах хүрээнд эрх зүйн орчны шинэчлэл хийж, Барилгын ерөнхий хуулийг батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох стандартыг шинэчлэх,

-2002 оноос өмнө баригдсан 7000 орчим барилгыг эхний ээлжинд паспортжуулах олон нийтийн зориулалттай сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрны 1760 барилгыг эхний ээлжинд паспортжуулах, 

-Газар хөдлөлтийн тэсвэржилтийг хангах, хүчитгэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авах

-Үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээ, хөрсний усны түвшин бууруулах байгууламж тус тус барих, газар чөлөөлөлт эрчимтэй хийх чиглэлээр Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах,

-Үерийн эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийх, үерийн эрсдэлтэй бүсээс хүн амыг нүүлгэн шилжүүлэх,

-Голын хамгаалалтын бүсийн дэглэм тогтоох асуудлыг судлаж, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж танилцуулах,

-Хот төлөвлөлтөд хууль дүрэм журам, стандартыг мөрдүүлж, гамшгийн эсрэг дэд бүтцийн тэсвэрлэх байдлыг хангах,

-Нийслэл Улаанбаатар хот болон төвлөрсөн хот сууринд хог хаягдлын менежментийг сайжруулж, дахин боловсруулалт хийх ажлыг шат дараатай зохион байгуулах,


Эрсдэлийг шилжүүлэх, даатгалын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр:

-Даатгалын багц хуулийн шинэчлэл хийх замаар олон тулгуурт даатгалын тогтолцоог бүрдүүлэх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, амьдралын даатгалыг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, дотоодын давхар даатгалын тогтолцоог бэхжүүлэх, даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, хариуцлагын тогтолцоог бий болгох,

-Гамшгийг тэсвэрлэх, даван туулах үндэсний чадавхийг бүрдүүлэх,


Эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, стандартыг мөрдүүлэх чиглэлээр:

-“Монгол хүн ба эрсдэлийн боловсрол” үндэсний аяныг өрнүүлж, гамшгаас хамгаалах олон нийтийн соёл хандлагыг бий болгох,

-Стандартыг мөрдүүлэх замаар гамшгийн болон бусад эрсдэлийг бууруулах,

-Олон улсын эрсдэлийн стандартыг үндэсний стандарт болгох ажлыг үе шаттай зохион байгуулах,

-Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт химийн аюултай бодисын хэрэглээг хязгаарлах, холбогдох стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,

-Хөрсний чанар, бохирдлын түвшинг судлаж, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээх арга хэмжээ авах, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, 


Хүн ам, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр:

-Гамшиг, онцгой байдлын үед эрсдэлд өртөх магадлал өндөртэй өрхүүдийн нийгмийн хамгааллын судалгааг нарийвчилж, түүнд тулгуурласан байдлаар хариу үйлчилгээг төлөвлөх,

-Өрхийн мэдээллийн нэгдсэн санд тулгуурлан гамшгийн болон дараах үеийн эрсдэлийн үнэлгээ хийж, хариу арга хамжээ авч ажиллах,

-Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр:

-Цаг уурын ажиглалтын сүлжээг нягтруулах, 

-Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг тооцоолсон стандарт, норм (барилга, авто зам г.м) дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлэх,

-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга зам, стратегийг хэрэгжүүлэх,

-Орон нутгийн түвшин дэх эрсдэлийг бууруулах хүчин чармайлтыг бэхжүүлэх, уялдуулах,

-Нөлөөлөлд суурилсан “Эрт сэрэмжлүүлэх нэгдсэн систем”-ийг бий болгох хүрээнд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах,


Хүн амын эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

-“Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний чадавхийг сайжруулах,

-Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах,

-Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, чадавхжуулах,

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,

-Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, 

-Хүнсний стандартуудыг шинэчлэн сайжруулах,

-Агаарын бохирдол, дотоод орчны бохирдол, хөрсний бохирдлыг тодорхойлдог лаборатори, стандартуудыг шинэчилж, сайжруулах юм.


Үндэсний форумаас гарсан санал дүгнэлтийг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн тогтоол шийдвэрээр холбогдох төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, холбогдох төрийн байгууллагад чиглэл болгож, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулахаар тогтов. 



Холбоотой мэдээ