Монгол Улс, БНАСАУ эрт үеэс өргөн харилцаатай байсан талаар түүхийн судар бичигт тэмдэглэсэн байдаг

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-11-25 11:37:59

Улаанбаатар, 2023  оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ онд БНАСАУ байгуулагдсаны 75 жил, Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 78 жилийн түүхэн ой зэрэг олон чухал үйл явдал тохиож байна. Мөн Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, БНАСАУ-ын нам, төр армийн удирдагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиож байгаа билээ.


Миний бие 1974 оноос хойш ГХЯ-нд 40 жил гол төлөв Солонгосын хойг бүс нутгийн асуудлыг дагнан хариуцан ажиллаж байсан бөгөөд Монгол Улсаас БНАСАУ-д суугаа ЭСЯ-нд дөрвөн удаа, БНСУ-д суугаа ЭСЯ-нд гурван удаа томилогдон ажиллав. Энэ хугацаанд Монгол Улс, БНАСАУ, БНСУ-ын харилцаанд болсон гол үйл явдлууд тухайлбал, төр, засгийн дээд, өндөр хэмжээний төлөөлөгчдийн айлчлалуудын бэлтгэлийг хангах, айлчлалын үеэр орчуулагчаар ажиллах, баримт бичиг, гэрээ хэлэлцээрийн төслийг тохиролцон байгуулах зэрэг ажилд биечлэн оролцож, хоёр талын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирлээ. Эдгээрээс залуу хойч үед маань сургамжтай, өөрийн ажил амьдралд дурсамжтай зарим нэг зүйлийг онцлон тэмдэглэе.

 БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сений айлчлалын үеэр. 1988 он

Манай улс БНАСАУ-ыг 1948 оны 9 дүгээр сарын 9-нд байгуулагдахад 10 дугаар сарын 15-нд ЗХУ-ын дараагаар дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс юм. Энэ үйл явдлаас хойш хоёр орны хоорондын шинэ үеийн харилцааны түүх эхэлсэн билээ. Монгол, Солонгос улс эрт дээр үеэс өргөн харилцаатай ураг төрлийн холбоотой байсан талаар олон баримт түүхийн судар бичигт тэмдэглэн үлдсэн байдаг. 1950-1953 онд болсон Солонгосын дайны үед манай улс БНАСАУ-ыг дэмжиж сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж, дайнд өнчирсөн 200 гаруй хүүхдийг долоон жилийн хугацаанд эх орондоо авчирч сурган хүмүүжүүлж байсан. 


Мөн дайны үед Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлэн 226,236 толгой мал бэлэглэж байсан тухай баримт хоёр орны сонин, хэвлэлд нийтлэгдсэн байдаг. Мөн БНАСАУ ч манай оронд байгалийн гамшиг тохиолдох үед эд материалын тусламж үзүүлж, ургацын дээжээс илгээж байсан билээ. Миний бие 2001-2008 онд БНАСАУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа байгалийн гамшгийн улмаас Солонгосын ард түмэнд тохиолдсон хүнсний бэрхшээлийг даван туулахад нь зориулж Монголын ард түмнээс илгээсэн 250 ямаа, мах, махан бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгч, Монголын ямаан сүрэг Хамхын хотын Ким Жөн Ирийн нэрэмжит ямааны аж ахуйд өсөж үржин үр шимээ өгч байгаатай танилцаж байж билээ. Тус ямааны аж ахуйг 2013 онд Солонгос, Монголын найрамдлын нэрэмжит болгожээ.


2007 онд хоёр орны Засгийн газрын хооронд ажиллах хүч солилцох тухай хэлэлцээр байгуулагдсанаас хойш БНАСАУ-ын барилгачид, манай улсын бүтээн байгуулалтад гар бие оролцож байсныг тэмдэглэхэд таатай байна. Өнгөрсөн хугацаанд хоёр оронд болон олон улсын хүрээнд буй болсон нийгэм, улс төрийн өөрчлөлтийн үед ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хэлбэрэлтгүй хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалууд тогтмол хэрэгжиж, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирснийг онцлон тэмдэглэж байна. Хоёр орны үе үеийн удирдагч нарын үндсийг нь тавьсан уламжлалт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг билээ.


1956 онд БНМАУ, БНАСАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал, Ким Ир Сен нар харилцан айлчилснаас хойш, 1986 онд Монгол Улсын нам, төрийн удирдагч Ж.Батмөнх БНАСАУ-д, 1988 онд БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен Монголд айлчлав. 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д, 2007 онд БНАСАУ-ын АДХТ-ийн дарга Ким Ен Нам Монголд албан ёсны айлчлал хийж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өнөөгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон харилцааны үндэс суурийг бататгасан олон баримт бичгийг тохиролцон гаргасан болно.


Ким Ир Сен Монгол Улсын талаар сайхан сэтгэгдэлтэй, хоёр орны харилцааг хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу зэрэг нам, төрийн удирдагчидтай дотно сайн харилцаатай хүн байсан юм. Миний бие манай удирдах албан тушаалтан, Элчин сайд нар, албаны төлөөлөгчдийг БНАСАУ-д айлчлах үеэр удирдагч Ким Ир Сений хүлээн авсан 20 гаруй удаагийн уулзалт, арга хэмжээнд биечлэн оролцох завшаан тохиож байв. 1994 онд Ерөнхийлөгч Ким Ир Сенийг таалал төгсөхөд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаас илгээсэн эмгэнэлийн илгээлт, сагстай цэцгийг дамжуулахаар Элчин сайд Ш.Гунгаадоржтой хамт Кымсусаны дурсгалын ордонд Солонгосын удирдагч Ким Жөн Иртэй уулзаж билээ.


Намайг 2001 онд БНАСАУ-д Элчин сайдаар томилогдон очиход хоёр орны харилцаа зогсонги байдалтай, БНАСАУ Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаасан, манай улс Пёньян дахь ЭСЯ-аа байлгах, эсэх асуудал хөндөгдсөн, нэлээд зутруу нөхцөл байдал угтсан. Элчин сайдаар томилогдож очоод урьд нь ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан хамт олноо зохион байгуулж, Пёньян дахь ЭСЯ-ыг хэвээр байлгах бол зохих түвшинд хүртэл төвхнүүлэн бэхжүүлэх саналыг төвдөө тавьж, санхүү, хөрөнгийн дэмжлэг авч, эхний жилдээ ЭСЯ-аа шинэ байранд нүүлгэн, машин унаатай ч болж, мэргэдийн сургаалаар “Гэрээ засаад төрөө засах” зорилго тавин ажилласан. Солонгосын тал түүний дотор СХН-ын Төв Хороо, ГХЯ, бусад байгууллагуудад өндөр алба хашиж байсан хуучин танил нөхөд, их сургуулийн андууд маань Пёньян дахь ЭСЯ-ыг шинэ байранд шилжүүлэн, өр зээлийг хүчингүй болгох, хөнгөлөх асуудалд нааштай хандан тусалсан билээ.


ЭСЯ-аа төвхнүүлэхийн хамт хоёр орны уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг сэргээн хуучин голдиролд нь оруулах чиглэлээр ажилласны дүнд 2002 онд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пек Нам Сун Монголд айлчилж, Улаанбаатар хотноо ЭСЯ-аа сэргээн нээх асуудлыг хэлэлцэн 2004 онд нээсэн. Төр засгийн түвшинд олон айлчлал хэрэгжиж, хоёр орны уламжлалт харилцаа үндсэндээ сэргэн хөгжиж, өнөөгийн түвшинд хүрээд байна.

Пэгдүсан найрамдлын нийгэмлэгийн хамт олон

Элчин сайдаар ажиллах хугацаандаа 1990-ээд онд хоёр орны хооронд үүссэн өрийн асуудлыг хоёр талдаа эвтэй хэлбэрээр шийдвэрлэх, БНАСАУ-ын усан боомтуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглах тухай хэлэлцээр байгуулах, БНАСАУ-аас ажиллах хүч авах, газар тариалан, ардын эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг бодит хамтын ажиллагааны эхлэлүүдийг тавьж зохих үр дүнд хүрснийг тэмдэглэхэд таатай байна.


Мөн манай улс бүс нутгийн маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулахад нэмэр болох чиглэлээр ажиллаж, БНАСАУ, Японы харилцааг хэвийн болгох асуудлаар хоёр талын ажил хэргийн уулзалтыг 2007, 2009 онд Улаанбаатар хотноо зохион байгуулав.


Солонгосын хойгтой холбогдсон асуудлыг 50 гаруй жил хариуцан судалж, Солонгосын хойгт 30 шахам жил ажиллаж, амьдарсан ахмад хүний хувьд энэ бүс нутгийн асуудалтай ойроос танилцан судлах, харьцуулан үзэх боломжтой байсан. Солонгосын ард түмэн бол эрт дээр үеэс гадаад, дотоодын түрэмгийлэлд өртөн зовлон үзсэн, аливаа хүндрэл, бэрхшээлийг хөгжил дэвшлийн боломж болгож чаддаг, баатарлаг уламжлалтай, хөдөлмөрч хичээнгүй ард түмэн билээ. Солонгос орон, Солонгосын ард түмэн хуваагдсанаас хойш нэгэн жарны турш эх орноо энх тайвнаар нэгтгэж, аз жаргалтай амьдрахын төлөө тууштай тэмцэж байна. Солонгосын ард түмний энэ туйлын хүсэл эрмэлзэл биеллээ олж,

Ази тивд үсрэнгүй хөгжилтэй нэгдсэн гүрэн буй болно гэдэгт итгэж байна.


Солонгосын хойгт дайны гал түр зогсоосон хэлэлцээр энх тайвны хэлэлцээрээр солигдож, 38 дугаар өргөргийн дагуух цэрэггүй бүс, энх тайвны бүс болж, хоёр Солонгосын хилийн заагт байдаг Солонгосын эртний нийслэл Кесон төвтэй нэгдсэн Солонгос улс бий болох ирээдүй ойртож байна. Хэрвээ энэ мөрөөдөл биеллээ олбол галт тэргээр Сөүл, Пёньян, Бээжин, Улаанбаатар, Москвагаар дамжин Европтой холбогдох торгоны зам жинхэнэ утгаараа хэрэгжих юм даа хэмээн төсөөлж, ямар ч үед хоёр орны уламжлалт харилцаа тасралтгүй бэхжин хөгжих ёстой гэж үзнэ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.ЛОМБО

Холбоотой мэдээ