АРХАНГАЙ: Хүүхдийн VI чуулган болж, уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-28 10:08:11

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хүүхдийн VI чуулганыг энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа.


Чуулганд аймгийн бүх сургуулийн 200 гаруй төлөөлөгч сурагч, Засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Цэрэннадмид, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Болормаа болон сургуулийн багш, нийгмийн ажилтнууд оролцсон юм.


Хүүхдүүд хүүхдийн хөгжих, хамгаалагдах эрхийн хэрэгжилт, цаашид хэрхэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих эрх, сургуулийн орчин дахь дарамт, дээрэлхэлт, цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дотуур байны хүүхдүүдийн тулгамдсан асуудал, өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, хорт зуршил зэрэг асуудлыг хөндөн хэрхэн шийдвэрлэж болох талаар ярилцсан юм.


Тухайлбал, хүүхдийн хамгаалуулах эрх гэр бүл, сургууль, цахим орчин, олон нийтийн үйл ажиллагааны үеэр зөрчигддөг гэж судалгаанд оролцсон хүүхдийн ихэнх нь хэлжээ. Мөн ХБХ-ийн хөгжих эрхийг хангахын тулд барилга, дэд бутцийн салбарт стандартыг хэрэгжүүлэх, сургуулиудад дохионы хэл ордог болох, хүн, хүүхэд бүр хандлагаа өөрчилж, зөв хүрээллийг бий болгох зэрэг асуудлыг хөндөж тавьсан.


Аймгийн Засаг дарга буюу аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Цэрэннадмид хэлсэн үгэндээ “Аймгийн 95 мянга гаруй иргэдийн 35 мянга нь хүүхэд. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Ирэх 2024 оныг хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарлахаар төлөвлөж, аймгийн ИТХ-аар батлуулахаар зэхэж байна.


Мөн ирэх онд Хүүхдийн ордонтой болно. Энд хүүхдүүд урлагийн төрөл бүрээр болон бусад хичээл дугуйлан секцийн ахисан түвшний сургалтуудыг зохион байгуулна. Харин 1000 хүний суудалтай спортын ордон ашиглалтад орохоор спортын бүх чиглэлээр суралцах боломж бүрдэж байна” гэв.


Архангай аймгийн хүүхдийн VI чуулганы төлөөлөгчид үе тэнгийн найз, эцэг эх, асран хамгаалагч, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хандан хүүхэд бүр сайн хүн байх, эцэг эхчүүд үр хүүхдээ нийгмийн бүхий л орчинд хамгаалах үүргээ биелүүлж, санаа тавьдаг байх, орон нутгийн түвшинд шийдвэрлэх асуудлын жагсаалтад хүүхэдтэй холбоотой асуудлыг нэн тэргүүнд анхааран шийдвэрлэх, гэхдээ хүүхдийн оролцоог хангаж, санаа бодлыг сонсдог байх гэх зэрэг агуулгыг оруулсан уриалгыг гаргажээ. 

Холбоотой мэдээ