ДАРХАН-УУЛ: E-Mongolia системд аймгийн ЗДТГ-аас нэвтрүүлсэн төрийн үйлчилгээнд иргэдийн хандалт маш муу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын ажлын баг хуваарийн дагуу 21 аймагт ажиллаж байна. Дархан-Уул аймагт 27-30-ны өдөр ажиллаж, төрийн байгууллагуудын E-Mongolia системд нэвтэрсэн 64 үйлчилгээний дахин загварчлалд дүгнэлт хийх аж.
Өнөөдрийн байдлаар давхардаагүй тоогоор орон нутгийн 145 үйлчилгээ цахимд бүртгэгдсэн бол аймгууд харилцан адилгүй байдлаар E-Mongolia платформд үйлчилгээгээ нэвтрүүлжээ. Тухайлбал Баянхонгор 31, Дархан-Уул 64, Дорноговь 72, Дорнод 72, Дундговь 64, Өвөрхангай 67, Өмнөговь 46, Сүхбаатар 76, Сэлэнгэ 73, Хэнтий 70 үйлчилгээгээ цахим системд бүртгүүлсэн аж.
Мөн эдгээр үйлчилгээг шийдвэрлэж буй процесс аймаг бүрд ялгаатай байгаа нь төрийн байгууллагуудын E-Mongolia платформоор дамжуулан үзүүлж буй үйлчилгээнүүдийг дахин загварчилж, үйлчилгээний тоог нэмэх шаардлагатайг ажлын багийнхан зөвлөж байна.
E-Mongolia системд бүртгэлтэй 21 аймгийн иргэдийн тоогоор Дархан-Уул аймаг хоёрдугаарт бичигддэг аж. Тодруулбал
60000 иргэн уг системд бүртгэлтэй бөгөөд давхардсан тоогоор 1.4 сая иргэн үйлчилгээ авчээ.
Системд бүртгэлтэй төрийн үйлчилгээнээс авч буй хандалт нь их боловч орон нутгийнхаа үйлчилгээг төдийлөн авч хэвшээгүй нь судалгаагаар гарчээ. Аймгийн ЗДТГ-ын харьяа, хэлтэс, агентлагийн нэвтрүүлсэн 64 үйлчилгээнд 91 хандалт бүртгэгдсэн нь хангалтгүй бөгөөд “И-Монгол академи” УТҮГ-ын ажлын багийнхан Дархан-Уул аймагт ажиллах гол шалтгаан болсон гэдгийг тус газрын салбар дундын зохицуулалтын газрын аналист Г.Будням онцоллоо.
Уг ажлын хүрээнд төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлчилгээнүүдэд шинжилгээ хийж шинээр нэвтрүүлэх боломжтой үйлчилгээг судлах, төрийн үйлчилгээний хэрэглээний талаар тандалтын судалгаа хийх, төрийн албан хаагч болон иргэдийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах ажээ.
Орон нутгийн нэвтрүүлсэн үйлчилгээнүүдээс яагаад авахгүй
байгаа гэдэгт анализын шинжилгээ
хийж, төрийн байгууллагуудтай ээлжит цагийн
хуваарийн дагуу уулзалт зохион
байгуулж, түүнээс гаргасан үр дүнг ЗДТГ-ын
дарга болон бусад алба, хэлтэст танилцуулах ажээ.