Австралид нэг удаагийн электрон тамхийг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-11-28 16:50:50

КАНБЕРРА, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /BBC/. Хүүхдүүд никотинд донтох явдлыг таслан зогсоохын тулд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нэг удаагийн электрон тамхи импортлохыг хориглохоор Австралийн эрх баригчид шийдвэрлэжээ.


Мөн нэг удаагийн электрон тамхи үйлдвэрлэх, сурталчлах, нийлүүлэхийг хориглох тухай шинэ хуулиудыг өргөн барихаар төлөвлөж байна.


Электрон тамхи бол тамхинаас гарах нэгэн арга хэмээн сурталчилж зах зээлд нийлүүлж байгаа бол Австралийн Эрүүл мэндийн сайд үүнийг “никотины хамаарал бүхий шинэ үеийнхнийг" бий болгосон гэж үзэж байна.


Электрон тамхи нь никотин, хиймэл амт оруулагч болон бусад олон төрлийн химийн бодис агуулсан шингэнээр дүүргэсэн бортого бүхий лити батерейгаар ажилладаг төхөөрөмж юм.


Австралид 2021 оноос хойш электрон тамхийг эмчийн жоргүйгээр худалдан авах, импортлохыг хориглосон боловч ийм хязгаарлалт тогтоосныг үл харгалзан уг бүтээгдэхүүнд донтон хэрэглэх явдал газар авах болжээ.


Энэ оны эхээр Сиднейн их сургуулиас хийсэн судалгаагаар, 14-17 насны өсвөр үеийнхний дөрөвний нэгээс илүү хувь нь электрон тамхи татдаг болохыг тогтоосон бол Австралийн Хавдар судлалын зөвлөлөөс явуулсан судалгаагаар, мөн насны 10 хүүхэд тутмын 9 нь ийм төрлийн тамхийг хялбархан олж авах боломжтой байгаа ажээ.


“Залуу үеийнхний дунд электрон тамхины хэрэглээ түгшүүр төрүүлэм хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгааг таслан зогсоохын тулд Австралийн бүх муж улсын засгийн газрууд хамтран ажиллах үүрэг хүлээсэн” гэж Эрүүл мэндийн сайд Марк Батлер онцлон дурдсан байна.


Өнгөрсөн тавдугаар сард Австралийн засгийн газар нэг удаагийн электрон тамхины хэрэглээг шат дараатайгаар зогсоохыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн боловч өнөөг хүртэл тодорхой хугацааг товлон танилцуулаагүй байсан юм.


М.Батлерын хэлснээр, нэг удаагийн электрон тамхины импортыг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хориглох бөгөөд гуравдугаар сар гэхэд дахин дүүргэх боломжтой, эмчилгээний бус электрон тамхинуудыг мөн тус улсад нэвтрүүлэхийг хориглоно. Эмчилгээний зориулалттай электрон тамхи нийлүүлдэг импортлогчид болон үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүний амт, никотины хэмжээ, сав баглаа боодолтой холбоотой хатуу зохицуулалтуудыг дагаж мөрдөх ёстой.


Электрон тамхи нь урт хугацаанд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаарх мэдээлэл хараахан байхгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Холбоотой мэдээ