ЗАВХАН: Их-уул сумынхан соёлын бүтээлч сарыг ном уншлагаар үргэлжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-28 16:46:49

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Их-Уул сум соёлын бүтээлч сарын хүрээнд номын сангийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулдаг соёлын бүтээлч сарын аян үргэлжилж байна.

Энэ жилийн соёлын бүтээлч сар онцлогтой болж байна. Учир нь Соёлын яамнаас 16-18 насныхны дунд соёлын эрхийн бичиг хөтөлбөрийг хэрэгжүүлж, нэг сурагчид 10,0 мянган төгрөгөөр соёл урлагийн үйлчилгээг авах боломжийг олгож байгаа юм.


Тэгвэл манай номын сангаас соёлын эрхийн бичиг хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн 88 суралцагчийг хамруулаад байна.

Эдгээр суралцагчид нь өдрийн уншлагад хамрагдаж, хүүхдүүд хоорондоо уншсан ном зохиолынхоо талаар харилцан ярилцаж, ном уншихын ач тус, өгөөжийг бусад үе тэнгийнхэндээ ойлгуулах зорилтот нөлөөллийн ажлуудыг цаашид үргэлжлүүлэн хийх талаараа ярилцаж байна.


Соёлын сарын гол ажил нь хүүхэд залуучуудад ном унших, номын тэмдэглэл хөтлөх, номыг хэрхэн хадгалж хамгаалах, засах сэлбэх гэхчлэн номтой холбоотой сонирхолтой сургалт, уулзалтуудыг зохион байгуулах юм.

Энэ сард шинэ ном, сэдэвчилсэн сонирхолтой номуудын талаар уншигчдадаа мэдээлэл өгөх, номын өртөөчилсөн уншлагуудыг хийж, үзэсгэлэн гаргах, цахим уншлагыг ч хийсэн байна.


Соёлын төвийн дэргэдэх номын сан энэ жил 500 гаруй мянган төгрөгөөр номын фондоо баяжуулсан. Номын сангийн фондоо жил бүр баяжуулахыг зорьдог.

Өнгөрсөн жил гэхэд Соёлын яамны хөрөнгө оруулалт болох, 500 гаруй мянган төгрөгийн өртгөөр 55 ширхэг хүүхдийн номоор баяжуулсан. Өнөөдрийн байдлаар 6000 гаруй номын фондтой бөгөөд жилд 100-150 орчим номыг хандиваар болон төсвийн хөрөнгөөр цуглуулж фондоо баяжуулж байна гэж Их-Уул сумын номын сангаас мэдээлэв. 


Их-Уул сум 10 мянга гаруй хүн амтай. Сумын төвийн суурин хүн амаас гадна малчдад явуулын номын сангийн үйлчилгээг жилд хоёр удаа хийдэг аж. Номын сан нь жилд 2100 гаруй уншигчид картаар үйлчилгээ үзүүлдэг. Соёлын төвөөс жил бүр ном уншлагын болон номтой холбоотой олон нийтийн үйл ажиллагааг насны онцлогт тохируулан явуулдаг байна.


Зуны дэлгэр цагт соёлын төвөөс малчид болон иргэдэд соёлын цогц явуулын үйлчилгээг явуулдаг бөгөөд энэ үеэр малчдад картаар болон шинэ номын өргөтгөсөн худалдааг явуулдаг. Явуулын үйлчилгээг аль болох иргэдэд хүртээмжтэй ялангуяа малчдад хүрч очиж үйлчлэхийг зорьдог.

 

Малчид ихэвчлэн уран зохиолын болон танин мэдэхүйн номуудыг авч уншдаг. Харин хүүхэд залуучууд шинээр хэвлэгдэн гарсан шинжлэх ухаан, гадаад хэлний номуудыг авч уншдаг.


Манай соёлын төвийн нэг гол үйл ажиллагаа нь соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг нээн илрүүлэх бүртгэн баримтжуулах, хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой ажлуудыг сумандаа тогтмол явуулдаг.


Өнгөрсөн жил гэхэд, “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын анхдугаар их наадам-2022”-д амжилттай оролцож,  аймагтаа багаараа тэргүүн байрыг эзэлсэн. Мөн соёлын төвийн дэргэд зөв хүүхэд нэртэй бүжгийн дугуйланг тогтмол хичээллүүлж байна гэж Их-Уул сумын Соёлын төвөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ