ӨМНӨГОВЬ: Говийн нутгийн өв соёлыг харуулсан хадны сүг зургийн үзэсгэлэн дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн соёлын өвийн гайхамшгийг сурталчлан таниулах зорилгоор “Эртний нүүдэлчид ба эзэнт гүрний язгууртнууд” сэдэвт хадны сүг зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнг 2023 оны арваннэгдүгээр сарын 25-30-ны өдөр “Bluemon” төвд зохион байгуулж, 800 гаруй хүн үзэж сонирхжээ. Үзэсгэлэнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутагт байрлах түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох хадны зургийн дурсгалууд, Булган сумын Хавцгайтын хадны зураг, Сэврэй сумын Салхитын хадны амны сүг зургуудаар үзэсгэлэн дэлгэжээ.
Гурвантэс сумын Баясах багийн нутаг дахь 120 дурсгалт газарт хүрлийн эрт үеэс дундад зууны үед хамаарах 9321 дүрслэл бүхий 2572 хадны зураг 2023 оны байдлаар бүртгэгджээ.
Харин Булган сумын Хавцгайтын хадны дурсгалт газарт 241 хадан дээр 25 төрлийн 726 дүр дүрслэлийг сийлсэн байдаг бол Сэврэй сумын Салхитын амны хадны дурсгалт газарт 311 хадан дээр 1044 дүр дүрслэлийг сийлэн үлдээжээ.
Өмнөговь аймгийн ЗДТГ-ын захиалгаар МУИС-ийн Түүх археологийн тэнхимийн судлаачид хайгуул судалгааг хийж ийнхүү баримтжуулан гаргажээ.