ЗАВХАН: Аймгийн ИТХ-ын 15 дугаар хурал маргааш үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Тус
аймгийн ИТХ-ын 15 дугаар
хуралдаан өнөөдөр эхэлж 90 хувийн ирцтэй боллоо.
Энэ хуралдаанаар аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2024 оны төсөв батлах тухай гэхчлэн нийт 19 асуудлыг хэлэлцэнэ.
Түүнчлэн аймгийн түүхт 100 жилийн ойн хандив, төсвийн зарцуулалтын тайланг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын 150 насны ой, Улиастайн сайд асан Дилов хутагт Б.Жамсранжавын 140 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэлэлцэх юм.
Төлөөлөгчид эхний асуудлыг хэлэлцэж,
Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн явц 67 хувь, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт 83.8 хувьтай гэж дүгнэлээ.
Хурал түр завсарлаж, маргааш дахин хуралдахаар
боллоо гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.