Б.Дэлгэрсайхан: Түгжрэлийг бууруулах хүрээнд автобусны хүртээмжийг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-04 16:02:23

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдээллийнхээ үеэр "Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас нийтийн тээврийн чиглэлээр явуулсан тендер амжилттай болсон. Уг тендер дээр оролцогч талуудаас ямар нэг маргаан гарахгүй бол уг тендер баталгаажиж, автобус нийлүүлж эхэлнэ" гэлээ.  


Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо ээлжит хурлаа энэ сарын 1-нд хийсэн. Тус хурлаар түгжрэлийг бууруулах эхний арга зам бол нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах явдал гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх нь зөв хэмээн үзсэн. Тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн тохиолдолд иргэдийг олон цагаар автобус хүлээдэггүй болох тал дээр мөн тогтож ярилаа. 


Түүнчлэн автобусны хүртээмж нэмэгдсэн тохиолдолд буюу ирэх оноос эхлэн Офицерын ордноос Таван шар хүртэл нэг шугамаар явдаг байсныг болиулна. Одоогийн байдлаар, нэг буудалд 22-28 автобус давхардан ирж байна. Иймд дамжин суудаг богино эргэлтийн зохицуулалт руу шилжинэ. Үнийн хувьд  эхний автобусанд суусан картныхаа мэдээллээр тухайн өдөртөө зорчдог болно. Хоёрдугаарт автобус цаг хугацаандаа ирдэг болно. Гуравдугаар автобусны оролтуудыг хаана. Учир нь зогсоолууд дээр автомашинууд орж зогсож, нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулж байгаа тул уг шийдвэрийг гаргасан.


Түүнчлэн дээрх хурлаар Үндэсний хорооны дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөлийг байгууллаа. Үүний зэрэгцээ Үндэсний хорооны дэргэд орон тооны иргэний хяналтын зөвлөлийг байгуулна" гэв.

Холбоотой мэдээ