ЗАВХАН: 600 гаруй сая төгрөгөөр малын тэжээл авахаар шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-04 17:50:54

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тус аймгийн нийт газар нутгийн 77 хувь нь зудын эрсдэлтэй байна.


Аймгийн хэмжээнд нийт 9.9 мянган малчин өрхийн хонин толгойд шилжүүлснээр 5,9 сая мал өвөлжинө. Багахайрханы отрын бүс нутагт 40 мянган мал оторлож байна.


Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжээгүй ажлуудын үлдэгдэл санхүүжилт болох 628.6 сая төгрөгийг малын тэжээл авахад зориулан зарцуулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын 15 дугаар хуралдаанаас гаргасан байна.

Энэ шийдвэрийн дагуу аймгийн аюулгүйн нөөцөд малын тэжээлийг нэмж худалдан авах ажлыг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэхээр болсон юм.

Цаг үеийн нөхцөл байдлаас болж өнөөдөр аймгийн Онцгой комисс дахин хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэн, алба хаагч нарт үүрэг чиглэл өглөө.



Улсын чанартай зам даваа одоогийн байдлаар хаагдаагүй ч цаг агаар өнөөдрөөс муудаж, шуурч байгаатай холбоотой Солонгот, Загастайн давааны зарим хэсэг хаагдах эрсдэлтэй байна.

Мөн Сонгино сумын даваа, Түдэвтэй сумын урд Цагаан дөрөлж хаагдах эрсдэлтэй байна. Харин орон нутгийн чанартай хэд хэдэн зам даваа, дөрөлж хаагдсан байдалтай байна. Тиймээс холбогдох арга хэмжээг авах талаар мэргэжлийн хариуцсан байгууллагуудад үүрэг өглөө.


Мөн хурлын үеэр онцгой комиссын гишүүд хариуцсан сумдад цаг агаарын төлөв байдлын мэдээг яаралтай өгч ажиллах. Цаг агаар муудсан, муудах төлөвтэй үед сумаас онцын шаардлагагүй гарах машинд хориг тогтоох үүргийг тус тус өглөө гэж Завхан аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Холбоотой мэдээ