Хятад, Беларусийн төрийн тэргүүн нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-05 09:47:14

БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой даваа гарагт Бээжин хотноо уулзлаа.


Хятадад энэ оны эхээр хийсэн А.Лукашенкогийн төрийн айлчлалын үеэр Хятад-Беларусийн харилцааны өндөр түвшний хөгжлийг ахиулах талаар талууд чухал тохиролцоонд хүрсэн гэдгийг Ши Жиньпин онцлоод, түүнээс хойш хоёр орон улс төрийн харилцан итгэлцэл, уялдаа холбоо бэхжиж байгааг хэллээ. 


Хятад улс Беларусьтай өрнүүлэх харилцаагаа стратегийн, урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харж, улс орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг тууштай дэмжиж, Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж ирсэн гэж Ши Жиньпин хэлжээ.


Мөн Хятад улс Беларусьтай стратегийн уялдаа холбоогоо үргэлжлүүлэн бэхжүүлж, харилцан бие биенээ тууштай дэмжиж, бодит хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэв.


Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Бүс ба Зам” санаачилгыг анх дэвшүүлснээс хойш 10 жилийн хугацаанд хамтын ажиллагааны баримт бичигт 150 гаруй улс орон гарын үсэг зурсныг онцлоод, “Бүс ба Зам-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд Хятад улс найман томоохон алхам хийхээ зарлаад байгааг дурджээ. Түүнчлэн Беларусь идэвхтэй оролцоогоо үргэлжлүүлж, илүү бодитой хөгжлийн боломжийг олж авахыг Хятад улс сайшааж байна гэжээ.


Мөн хоёр тал боловсрол, эрүүл мэнд, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, залуучуудын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, хоёр орны ард түмний ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх хэрэгтэй гэв.


Хятад, Беларусь бол дэлхийн засаглалын тогтолцоог өөрчлөх, хөгжүүлэх чухал хүчин гэдгийг Ши Жиньпин тэмдэглээд, Хятад улс НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт механизмын хүрээнд Беларусь улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Дэлхийн хөгжлийн санаачилга, Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэмжиж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна гэж хэлжээ.


Үүний хариуд А.Лукашенко, Ши Жиньпиний удирдлага дор Хятад улсын хөгжил дэвшилд асар их ололт амжилт гарч, Хятадын 1 тэрбум 400 сая гаруй хүн аз жаргалтай амьдарч байгаа нь дэлхий дахинд чухал хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.


Хятад улс хүчирхэгжин хөгжихийг Беларусь үнэн сэтгэлээсээ хүсэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн энх тайван, ахиц дэвшилд тустай юм гэж А.Лукашенко нэмж хэлжээ.


Беларусь Хятад улстай найрсаг харилцаагаа хөгжүүлж, өндөр дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалж, харилцан бие биенээ тууштай дэмжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн сацуу олон улсын болон олон талт стратегийн зохицуулалтыг бэхжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийг ахиулахад бэлэн байна гэв.


Тэрбээр цааш хэлэхдээ, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн санаачилгууд олон улсын зөвшилцөл, хамтын ажиллагааг жинхэнэ утгаар нь хуран цуглуулж байна гэж үзэж байгаагаа онцлоод, Беларусийн тал тэдгээрт идэвхтэй оролцох болно гэлээ.


Хоёр улсын төрийн тэргүүн нар мөн Украины хямралын талаар санал солилцсон байна. Уулзалтад мөн Хятадын өндөр албан тушаалтнууд болох Цай Ци, Ван И нар оролцжээ.

Холбоотой мэдээ