"Copa America-2024" тэмцээн АНУ-ын 14 хотод зохиогдоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-05 14:44:20

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /Reuters/. Ирэх оны "Copa America" тэмцээн АНУ-ын 14 хотод зохион байгуулагдаж, шувтаргын тоглолт Флорида муж улсын Майами-Гарденс хотын “Hard Rock” цэнгэлдэх хүрээлэнд болно гэж Өмнөд Америкийн хөл бөмбөгийн холбоо (CONMEBOL) даваа гарагт мэдэгджээ.


Эхний хагас шигшээ тэмцээн Нью-Жерси муж улсын Зүүн Рутерфорд хотын “MetLife цэнгэлдэх хүрээлэнд, хоёрдугаар хагас шигшээ Хойд Каролинагийн Шарлотт хотын Bank of America цэнгэлдэх хүрээлэнд болох бол шөвгийн наймын тоглолтууд Арлингтон, Хьюстон, Лас Вегас, Глендейл хотуудад болно.


Ирэх оны зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 14-ний хооронд болох тус тэмцээнд 16 баг оролцож, 32 тоглолт болно. Тодруулбал, CONMEBOL-оос 10, Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөл бөмбөгийн холбооноос (CONCACAF) зургаан баг оролцох юм.


"Copa America"-гийн нээлтийн тоглолт Жоржиа муж улсын Атланта хотын "Mercedes-Benz" цэнгэлдэхэд болно гэж CONMEBOL өмнө нь мэдээлж байсан юм.


Лас-Вегас, Орландо, Санта Клара, Инглвуд, мөн Миссури муж улсын Канзас-Сити, Канзас муж улсын Канзас-Сити хотуудад мөн бусад тоглолт болно.


"Copa America- 2024" тэмцээний сугалаа пүрэв гарагт явагдана.

Холбоотой мэдээ