ЗАВХАН: "Сармай дээлт"-ийг 98 дахь жилдээ үйлдвэрлэж буй хүнсний үйлдвэр улсын шилдгүүдийн нэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-07 15:56:53

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Тус аймгийн "Завхан баялаг" ХК нь хүнс үйлдвэрлэгч улсын тэргүүний шилдэг 35 үйлдвэрийн нэгээр шалгарчээ.


Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд олсон ололт, амжилтаа дүгнэн, цаашдын зорилгоо хэлэлцэж, шилдгүүдээ тодруулах "Ургацын баяр-2023" ёслолын ажиллагааг 12 дугаар сарын 6-нд зохион байгуулжээ.



Хүнс үйлдвэрлэгч үндэсний шилдэг үйлдвэрүүдийн нэг болсон "Завхан баялаг" ХК нь орон нутагтаа хүнсний үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 35 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Эдний бүтээгдэхүүнүүд нь байгалийн цэвэр, органик гаралтай. Өөрөөр хэлбэл, хүнд хэрэгтэй амин дэм болох витамин ихээр агуулдаг зэрлэг жимс болох нэрс, үхрийн нүд, чацарганаар бүтээгдэхүүнээ хийдэг онцлогтой.


Жилдээ 300 тонн архи, ундаа, жүүс, 150 тонн дарс, ликёр, 300 тонн цэвэр ус, 5 тонн цай, 50 тонн чихэр, 1000 тонн иоджуулсан давс үйлдвэрлэх хүчин чадалтай.


Архи, дарс, жимсний чанамал, жүүс, өтгөрүүлсэн жүүсийг 3-4 нэр төрлөөр үйлдвэрлэж байна. Мөн аймгийнхаа Сантмаргац сумын Дэвтээр нуурын давсыг иоджуулж худалдаанд гаргадаг.


Байгалийн гаралтай ургамлын цай, суль, сулхирын цай, баяжуулж савласан суль, сульхир, цэвэр ус, нарийн боов гэх мэт 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэдэг. Тус компанийн бүтээгдэхүүний 80-90 хувь нь Завхан аймагт ирж буй зочид, төлөөлөгчдөд барьдаг бэлэг, брэнд бүтээгдэхүүн болж чаддагаараа онцлогтой.  


100 шахам жилийн түүхтэй тус үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүн нь сармай дээлт.

Сармай дээлт нь хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн юм. Тиймээс сармай дээлт чихрийн уламжлалт жорыг нь хадгалж, амт чанарыг нь улам сайжруулах, сав баглаа боодлыг нь шинэчилж, нэр төрлийг нь нэмснээр энэ чихрийн технологи нь уламжлагдаж сайжирсаар байгаа юм.


Манай чихрүүд чанах, хэвлэх, салгах, өнгөлөх, сэврээх, жинлэх, наах гэсэн долоон үе шатыг дамждаг.

Ихэнх бүтээгдэхүүнүүд бүгд илчлэг ихтэй, химийн бодис ороогүй гэдгээрээ онцлог давуу талтай. Чихрийн агууламж ч бага.


Завханы брэнд бүтээгдэхүүний багцыг "Сармай дээлт"-гүйгээр төсөөлшгүй. “Сармай дээлт” нь Завханыхны хол ойрын гийчдэдээ өгдөг бэлгийн дээж, тавгийн идээний гол чимэг болж ирсэн түүхтэй.


Мөн “Самартай чихэр”, “Сүүтэй ирис”, ”Чамайг даа” зөөлөн чихэр, “Баялаг” хатуу чихрийг жилд 20 орчим тонн үйлдвэрлэдэг хэмээн "Завхан баялаг" ХК-иас мэдээлэв.


Тус үйлдвэр нь анх 1925 онд Архины хороо нэртэй Улиастайд байгуулагдаж, 1935 оноос Сангийн архины 4-р хэлтэс, 1941 оноос Идэш тэжээлийн комбинат, 1960 оноос Хүнсний үйлдвэр, 1992 оноос “Завхан баялаг” ХК болж өргөжжээ.


Тус үйлдвэр бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг ихэвчлэн орон нутгаасаа хангадаг. Мод үржүүлэг, жимс жимсгэний аж ахуйг эрхэлдэг. Хүн амын эрүүл мэндийг хамгаалж, амин дэмээр баялаг, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ хэрэгцээ таашаалд нь нийцүүлж, сүүлийн үеийн технологи, олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж бүс нутагтаа төдийгүй Монгол Улсын зах зээлд тэргүүлэгч байх зорилтыг тавьж ажилладаг аж.


Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гадаад, дотоод зах зээлд худалдан борлуулж, өөрийн аймгийнхаа 24 сум, Улаанбаатар хотод гэхэд зургаан худалдааны төвд борлуулалтын цэгтэй. Дархан, Эрдэнэт, Архангай аймаг дахь нэрийн дэлгүүрээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд нэг үнээр хүргэдэг байна.

Холбоотой мэдээ