Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулахыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-11 18:52:05

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан өнөөдөр болсон “Аялал жуулчлал ногоон хөрөнгө оруулалт” чуулганы үеэр "Хамгийн ирээдүйтэй салбар бол аялал жуулчлал. Хөрөнгө оруулахгүй бол үйлчилгээний чанар сайжрахгүй. Иймд аж ахуйн нэгж, компаниуд, банкууд энэ салбарт хөрөнгө оруулахыг  уриалж байна" хэмээв.


Тэрбээр, “Цар тахлын дараа аялал жуулчлалаа сэргээж чадсан цөөн орны нэг нь Монгол Улс. Бид ирэх онд нэг сая жуулчин авах төлөвлөгөөтэй. Агаарын тээврийн суудлын тоо гадаадын жуулчдын тоотой шууд хамааралтай байдаг. МИАТ компани 2024 онд суудлын тоогоо 40 хувиар нэмж, зах зээлд 1.2 сая суудал нийлүүлнэ гэж байгаа нь компаниудад боломж юм. Засгийн газраас ч орон нутгийн нисэх буудалд хөрөнгө оруулж байгаа нь сайшаалтай. Жишээ дурдахад, МИАТ компанитай шууд нислэгтэй 5 орны 400 сая хүн гадаад руу нисдэг бол 650 мянгыг нь анх удаа авлаа. Эдгээр жуулчдын нэг хувийг нь авахад л 4 сая шүү дээ. Үүнд агаарын тээвэр маш чухал үүрэгтэй. Учир нь тэдний 50 гаруй хувь нь агаарын тээврээр ирдэг. Дэлхий даяар энэ онд 1.2 тэрбум хүн аялж. Энэ тоо 2030 онд 1.8 тэрбум болох төлөв бий. Агаарын тээврээ хөгжүүлж чадвал үүнээс 3.4 сая жуулчин авах боломжтой” гэв.


БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг цар тахлын дараа хэвийн үйл ажиллагаандаа хамгийн хурдтай орж, 2019 онд 577 мянган жуулчин хүлээн авсан тоог давж энэ онд 650 мянга гаруй жуулчин хүлээн авсныг дурдлаа.


Монгол Улсад ирж буй жуулчдын 50-иас дээш хувь нь ОХУ, БНХАУ, БНСУ-ын иргэд байдаг. Тэднээс агаарын тээвэр ашигласны төлбөр авахад 2.5 сая ам.долларыг уур амьсгалын санд төвлөрүүлж болно. Банкуудтай хамтран ажиллаж, энэ мөнгөөрөө аялал жуулчлалыг салбарыг ногооруулах, мод тарьж, ойг нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх зэрэг байгаль орчны салбарт шинэ бүтээгдэхүүн гаргах боломжтойг “Тэрбум мод сан”-гийн гүйцэтгэх захирал Б.Баярмаа тэмдэглэв. Энэ оны гуравдугаар сард байгуулагдан тус сан одоогоор 34 төсөлд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгон, 100 мянга гаруй мод тарьжээ. Цаашид “Нэг жуулчин нэг мод” төгөл байгуулахыг дэмжиж, хамтран ажиллахаар төлөвлөжээ.


Чуулганы үеэр аймгууд жуулчдын тоогоо хэрхэн нэмэгдүүлэх, мэдээлэл судалгаа хийх, жуулчдад зориулсан янз бүрийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах болон Архангай 100 жилийн ой тэмдэглэх хүрээнд жуулчдыг хүлээн авахад гэр буудал, худалдаа үйлчилгээ, бие засах газар, үзвэр үйлчилгээ, амьтны хүрээлэн, амьд хөгжмийн тоглолт, спорт крос уралдааныг амжилттай зохион байгуулснаа АРА төслийн санаачлагч Н.Өлзийбаяр танилцуулсан юм.


Байгалийн үзэсгэлэнт төрхөөрөө Архангай аймаг гайхагддаг бөгөөд энэ жил гурван жуулчин тутмын нэг нь тус аймагт зочилжээ. Архангай аймаг нийслэлээс 450 км зайд, аялал жуулчлалын хөндлөн огтлол байрлалд оршдог бөгөөд өнгөрсөн онд 85-110 мянган машин, 250-300 мянган жуулчин дайрч өнгөрсөн аж.


Аялал жуулчлалыг хөгжүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, дотоодын хөрөнгө оруулагчдад аялал жуулчлалын бизнес эрхлэх таатай нөхцөлийг танилцуулах зорилгоор “Аялал жуулчлал ногоон хөрөнгө оруулалт” чуулганыг БОАЖЯ, АЖМХ хамтран зохион байгуулж, шинэ оны бизнес, стратеги төлөвлөгөө хэлэлцлээ. 

Холбоотой мэдээ