БАЯНХОНГОР: Эрдэнэцогт сум гал түймэр унтраах автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-12 10:27:32

2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн хүрээнд Монгол Улсын дөрвөн аймагт гал түймэр унтраах автомашиныг дахин ашиглах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд Япон улсад ашиглагдаж байсан гал унтраах дөрвөн машиныг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Дундговь аймгийн Хул, Завхан аймгийн Отгон, Ховд аймгийн Үенч, Мянгад суманд ОБЕГ-аас хуваарилан  хүргүүлжээ. 


Тус гал унтраах автомашиныг Эрдэнэцогт суманд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ОБГ-ын дарга, хурандаа Ж.Алтангэрэл нар хүлээлгэн өгөв. Мөн үеэр сумын Засаг дарга Д.Цэвэгдорж хэлэхдээ, "Эрдэнэцогт сум нь ойн сав газар нутагтай. Улмаар түймэр бүхий бүсэд хамаарч галын бүлгэмийг тогтмол ажиллуулдаг.  Сум өөрөө зориулалтын гал унтраах автомашинтай болсноор дуудлага гарсан газар цаг алдалгүй шуурхай хүрэх, аливаа түймрийг хүний амь нас хохироолгүй, эд хөрөнгийн хохирол багатайгаар унтраахад чухал дэмжлэг болж байна" гэж байлаа.


Эрдэнэцогт сум нь 4400 гаруй хүн амтай, Баянхонгор аймгийн томоохон сумын нэг юм.


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Өлзийт суманд хэрэгжүүлсэн "Сумын төвийн шинэчлэл" төсөл үргэлжлэн Галуут, Эрдэнэцогт суманд хэрэгжиж байна. Төвлөрлийг сааруулах, иргэдийг байгаа орчинд нь ая тухтай амьдруулахад чиглэсэн тус төслийг сумд төвлөрсөн хүн амынхаа  нийтлэг хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс 2021 оноос дээрх хоёр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж  байгаа юм. 


Нийт 5 тэрбумын төсөвт өртгөөр "Бридж Бюлдинг" ХХК-ийн гүйцэтгэж буй "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд Эрдэнэцогт суманд 2.5 км автозам, цэвэр усны шугам, бохирын шугам цэвэрлэх байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, спорт тоглоомын талбай, гэрэлтүүлэг, явган хүний зам, төрийн байгууллагын ариун цэврийн байгууламж, тохижилтын ажлуудыг хийснээс гадна төрийн байгууллагууд цэвэр бохирын шугамд холбогдоод байна.

Холбоотой мэдээ