Япончууд оны онцлох ханз үсгээ тодруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-12-13 15:38:59

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /Kyodo/. Япончууд тухайн жилийн онцлогийг илэрхийлсэн ханз үсгийг оны эцсээр сонгодог уламжлалтай. Энэ жил “зэй” буюу “татвар” гэсэн утга бүхий ханз үсгийг онцлох ханзаар тодруулжээ.


Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газраас гаргасан санаачилгууд, тэр дундаа инфляц өндөр байгаа үед айл өрхүүдийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэгчид татварын өндөр дарамтыг үүрч болзошгүйг харгалзан шинэ систем нэвтрүүлсэн зэрэг санал санаачилга нь энэхүү ханзыг сонгох шалтгаан болжээ.


Японы Ханз үсгийн түвшин тогтоох шалгалтын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон нийтийн санал асуулгын дүнд үндэслэн онцлох ханзыг сонгодог. Уг ханзыг Киото хотын алдарт Киёмизү сүмийн лам Сейхан Мори 1.5 метр өндөр, 1.3 м өргөн, цагаан будааны цаасан дээр уран бичлэгээр бичжээ. “Татвар” гэсэн ханз үсэг 2014 оноос хойш хоёр дахь удаагаа сонгогдсон нь энэ юм.


Харин оны онцлох ханз үсгийн хоёрдугаар байрт оны эхээр Японд хэт халсныг илэрхийлсэн “халуун” гэсэн утгатай “шо” гэдэг ханз бичигдсэн бол Газын зурвас, Украинд дайн үргэлжилж байгаатай холбоотойгоор “дайн, тулаан гэсэн утга бүхий сен ханз гуравдугаарт оржээ. Өнгөрсөн оны хувьд Орос Украин руу довтолсноос гадна Катарт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ширүүн өрсөлдөөн өрнөсөнтэй холбоотойгоор сен гэсэн ханз хамгийн их санал авч, онцлох ханз болсон билээ.

Холбоотой мэдээ