СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг ирэх оны эхээр хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-13 17:10:56

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг томилох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.


Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг ирэх оны нэгдүгээр сарын 2-нд зохион байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй хийх сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг томилж, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг энэ сарын 28-ны өдрийг хүртэл авахаар тусгасан байна.


Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Болд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ганбат нар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд өдгөө Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй Т.Сүхболд нарын нэрийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлж байгаа болохыг хуралдаан даргалагч тайлбарласан юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн цаашид Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ албан тушаалаараа томилогддог болгох хэрэгтэй. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга чөлөөлөгдөхөд дараагийн дарга нь СЕХ-ны гишүүнээр томилогддог байх нь зүйтэй. Төрийн албанаасаа чөлөөлөгдсөн атлаа СЕХ-ны гишүүнээс чөлөөлөгдөхгүй байна. Сонгуулийн төв байгууллагын хуульд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэж л туссан. Тиймээс төрийн албанаас чөлөөлөгдвөл дараагийн хүн томилогддог зарчим руу явах нь зүйтэй. Мөн албан тушаалаар тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нартай нэр дэвшигчийн сонсгол хийхгүй, бусад субъектүүдээс орж байгаа хүмүүсийг сонсголд оролцуулах гэх мэт зохицуулалтыг хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээв.


Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр байнгын хорооны тогтоолыг баталлаа.



Холбоотой мэдээ