Цагаан ордны ҮАБЗ-ийн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан зохицуулагчтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-14 11:45:52

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Америкийн Нэгдсэн Улсын Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан зохицуулагч Др. Курт Кэмпбэллтэй энэ сарын 13-нд уулзав.


Уулзалтын үеэр талууд​ Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл 2023 онд батжин өргөжсөнийг харилцан тэмдэглээд, 2024 онд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцлоо.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн албан ёсны айлчлал, Гадаад харилцааны яам, Төрийн департамент хоорондын улс төр болон эдийн засгийн бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалтууд, Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны VII хуралдаан, Монгол Улс, АНУ, БНСУ-ын гурван талт анхдугаар уулзалт болон Нэн чухал эрдэс баялгийн талаарх анхдугаар яриа хэлэлцээ зэрэг олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг онцолж, тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлэх, хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах зэрэг асуудлаар санал солилцов.

Холбоотой мэдээ