ХӨВСГӨЛ: Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-21 12:19:32

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн Идэрийн голын  гармын мөс цөмөрч автомашин гарах боломжгүй болсон тул иргэдийг тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.


Хөвсгөл нуураас эх авсан Эг голын усны түвшин Хатгал тосгон орчимд мөсөн захтай, Эрдэнэбулган сум орчмоос дээш мөсөн бүрхүүлтэй, гүүрний орчим мөсөн захтай байна.


Дэлгэрмөрөн голын мөсний зузаан Мөрөн сум Хилэнтийн гүүр орчимд 60 см, Үүр голын мөсний зузаан Цагаан-Үүр сумын төв орчимд 65 см болсон байна.


Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн, мал явах болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй, нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байна.


Иймээс иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.

 

 

Холбоотой мэдээ