ЗАВХАН: Даян мэргэн шагайн харвааны холбоо шилдгээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-25 13:28:03
Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын Шагайн харвааны холбооны 2023 оны шилдэг салбар холбоогоор Завхан аймгийн Даян мэргэн харваачдын холбоо шалгарлаа.


Даян мэргэн шагайн харваачдын холбоо нь аймагтаа 2021 оноос эхлэн “Даян мэргэн” төсөл үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлж байна.


Монголын үндэсний спорт тоглоом болох шагайн харваа нь хүүхэд, залуучуудын хөгжил, соёл, хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлж, зөв үлгэрлэл, манлайллыг бий болгодог эртний уламжлалт наадаан юм.


Тиймээс, Завхан аймаг шагайн соёлын өлгий нутаг болохын хувьд өв тээгчдээ алдаршуулах, тэдний арга барил, өвөрмөц чадваруудыг таниулах. Өвлүүлэн уламжлуулах, шагайн харвааг сэргээн дэлгэрүүлж, хөгжүүлэх. Монгол өв, соёлын дархлааг бий болгох, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит нөлөө үзүүлэх зорилгоор дээрх төслийг хэрэгжүүлж байна.


Ташрамд, Завхан аймагт 1965 онд шагайн спорт анх үүсэж 2011 онд Төгс буянт Жавхлант хийдийн хамба лам С.Баяндоржийн санаачилгаар “Даян мэргэн” шагайн товчоог байгуулж байсан түүхтэй.


Тус шагайн товчоо байгуулсан цагаасаа эхлэн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулж, аймгийн баяр наадам болон зарим тэмдэглэлт баяр ёслолоор шагайн харвааны спортыг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх олон талын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.


Завхан аймаг нь шагайн соёлын өлгий нутаг юм. Ялангуяа Сартуул шагайн харваагаар сүүлийн 300 шахам жил буюу 6-8 үе дамжин харваж, тоглосоор иржээ.


Аймгийн хэмжээнд 150 орчим шагайн харвааны соёлын өв тээгчдийн бүртгэл байсан бол Даян мэргэн арга хэмжээ хэрэгжсэнээс хойш өвлөн тээгчдийн тоо 500 орчимд хүрээд байна.


Монгол Улсын хэмжээнд Завхан нутгаар овоглодог Монгол Улсын Үлэмж дархан мэргэн З.Батчулуун, Ч.Баттөр, Л.Болд, Ж.Догсом, Улсын гарамгай мэргэн С.Нямдорж, Улсын мэргэн Н.Алтангэрэл нарын зэрэг улсын цолтнууд болоод аймгийн цолтой олон арван шилдэг харваачид бий гэж Даян мэргэн харваачдын холбооноос мэдээлэв.

Холбоотой мэдээ