АРХАНГАЙ: 71 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн объектын эрсдэлийн түвшин буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-25 12:27:14

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-ын Хяналтын албанаас хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн чиглэлээр 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 16 сумын 79 газарт төлөвлөгөөт, 482 газарт урьдчилан сэргийлэх хяналт, 59 газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.


Шалгалтад хамруулахаар зарласан 86 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчээс 71 объектын буюу 89.8 хувь нь эрсдэлийн түвшин буурсан байна.


Өөрөөр хэлбэл, шалгалтад хамруулах 86 объектоос 7 газрын үйл ажиллагаа зогсож, 79 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулжээ. Үүнээс 16 газар нь бага эрсдэл рүү, 55 газар дунд эрсдэл рүү шилжиж, 71 буюу 89.8 хувь нь эрсдэлийн түвшин буурсан байна.


Хяналт шалгалтын дүнд эрсдэл үүсэх магадлал аймгийн хэмжээнд дунджаар 37.1 хувь болж 2.1 хувиар буурчээ. Мөн хууль сахин мөрдөлтийн хувь 62.9 хувьд хүрсэн байна.


Энэ онд хийсэн хяналт шалгалтаар давхардсан тоогоор нийт 656 зөрчил илрүүлснээс газар дээр нь 484 буюу 73.78 хувийг арилгуулан, 58 аж ахуйн нэгж, 256 иргэнийг мэргэжил арга зүйгээр ханган, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажлыг хийжээ.


Энэ ажлыг хийснээр улсын байцаагчаас өгсөн албан шаардлагын хэрэгжилт 80.96 хувь болж, төлөвлөгөөт шалгалт хийх үетэй харьцуулахад 8 хувиар өссөн нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийгмийн хариуцлага дээшилж, хүн амыг хүнснээс шалтгаалсан эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлсэн гэж үзжээ.

Холбоотой мэдээ