БНХАУ-ын дарга илүү сайхан ертөнцийг цогцлоохын төлөө хүчин чармайлт гаргахыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-01 13:27:30

БЭЭЖИН, 2024 оны нэгдүгээр сарын 1 /cri.cn/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Төв радио телевизээр дамжуулан шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр 2023 онд Хятад улсын туулсан хатуу бэрх замнал болон амжилт бүтээлийг дүгнэж, 2024 онд Эх орон минь хөгжин бадраг. Эх дэлхий минь амар амгалан байг хэмээн ерөөлөө.


Ши Жиньпин Хятадын туулсан замнал гэх үгээр 2023 онд Хятад улсын туулсан замнал болон ололт амжилтыг дүгнэжээ. Тэрбээр, ард иргэд сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллээ биелүүлж, урам зоригтойгоор хөдөлмөрлөн бүтээж байна. Улс орны эдийн засаг тогтвортой сэргэн, чансаатай хөгжлийг урагшлууллаа. Орчин үеийн аж үйлдвэрийн системийг төгөлдөршүүлж, өндөр технологи шингэсэн, ухаалаг, ногоон хөгжлийг тэргүүн зорилго болгосон шинэ тулгар салбарыг хурдацтай хөгжүүлж байна. Газар тариалан 20 жил дараалан элбэг ургац авч, экологи, байгаль орчин улам сайжирч, хөдөө тосгоны хөгжилд шинэ өнгө төрх нэмэрлэлээ. Том оврын С919 нисэх онгоцыг ашиглалтад оруулж, Хятад улсын бие даан зохион бүтээсэн аяллын том хөлөг онгоцыг амжилттай туршлаа. Мөн Шэнжөү сансрын хөлгүүдийг дараалан хөөргөж, “Фэнь Дөү Жэ” аппаратаар тэнгисийн гүнд шумбаж шинэ рекорд тогтоолоо. Хятад улс бие даан хөгжих үзэл баримтлалаар цаг мөчтэй уралдан шинийг бүтээсээр байна гэв. 


Ши Жиньпин "Хятад улс дэлхий дахинтай алхаагаа нийлүүлэх" гэдэг үгээр Хятад улс том гүрний үүрэг хариуцлагаа биелүүлж ирснийг илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс Хятад-Төв Азийн чуулга уулзалт, “Бүс ба Зам”-ын олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалт зэрэг олон улсын ач холбогдолтой дипломат арга хэмжээг амжилттай зохион байгуулж, таван тивийн хүндэт зочид оролцлоо гэв. 


Ирэх 2024 онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохионо. Хятад улс Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг хэлбэрэлтгүй баримтална гэлээ.


Ши Жиньпин хэлэхдээ, Даян дэлхий хэрхэн өөрчлөгдсөн ч энх тайван хөгжил бол гол чиглэл, гол хэмнэл байж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх нь бид бүхний хүсэл зорилго юм. Дэлхийн олон газар дайны гал өнөө ч ассаар л байна. Энх тайван хичнээн чухал гэдгийг Хятадын ард түмэн хэнээс ч илүү сайн ойлгох тул олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт хүн төрөлхтний ирээдүйн төлөө, дэлхийн улс түмний аз жаргалын төлөө гар нийлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, илүү сайхан дэлхий ертөнцийг цогцлоохын төлөө хичээх болно гэжээ.

Холбоотой мэдээ