Хөрөнгө оруулагчдад тушаа болсон 125 тушаал шийдвэрийг хүчингүй болгоно

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-09-26 17:29:51

Хөрөнгө оруулагчдад тушаа болсон 125 тушаал шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээг авч ажиллаж байна гэж ХЗДХЯ-ны дэргэд байгуулсан Хөрөнгө оруулагчдыг дэмжих ажлын хэсгээс мэдээллээ.

Тус ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ба ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ахалж буй. 

Өнөөдрийн үйлчилж буй хууль тогтоолыг хянаж үзэхэд сайдын тушаал 78, агентлагийн даргын тушаал 12, аймаг нийслэлийн Засаг даргын захирамж 10  нийт 100 шийдвэр байгааг тогтоожээ. Тиймээс ХЗДХЯ хөрөнгө оруулагчдад тээг болж хүндрэл чирэгдэл учруулж буй 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэчлэн баталж бүртгүүлэх тухай саналаа холбогдох байгууллагад хүргүүлжээ. 

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй холбоотой 6 журам бүртгэлтэй байна. Эдгээрээс Уул уурхайн сайдын 2015 оны "Үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай" 15-р тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг баталсан нь Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгох, бүртгэлээс хасах саналыг ХЗДХ-ийн сайдын албан бичгээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлэв.

Түүнчлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам батлах тухай" 155 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2011 оны "Импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай"  343 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгож, бүртгэлээс хасах саналыг холбогдох сайд нарт уламжилжээ. Үүний зэрэгцээ МХЕГ нийт 22 тушаалыг хууль тогтоомжид заасны дагуу хянуулж бүртгүүлэхгүйгээр дагаж мөрдүүлж байсан зөрчил илэрчээ.  

Б.Туул

Холбоотой мэдээ