“Төвийн бүсийн түншлэл-2016” үзэсгэлэн худалдаа өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-26 23:21:01

Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХАҮТ-тай хамтарч “Дархан Түншлэл” үзэсгэлэн худалдааг 17 дахь жилдээ  зохион байгуулж өндөрлөв.

2014 оноос эхлэж Дархан хотын өдрийг угтаж “Их хотын баяр, төвийн бүсийн түншлэл” нэртэйгээр өргөн дэлгэр зохион байгуулдаг болсноор иргэд нэг дороос өргөн хүрээний мэдээлэл, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд тус аймгаас гадна Улаанбаатар хот, Архангай, Булган, Хэнтий, Орхон аймгаас нийтдээ 45 аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгчид оролцож дунджаар 20 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж хөнгөлөлт, урамшуулалт худалдаагаар гурван өдрийн турш үйлчлүүлэгчиддээ бэлэг барьсан юм.

Үзэсгэлэн худалдаа нь аймгийн “Спортын ордон”, “Найрамдал” талбайд нэгэн зэрэг өргөн хэрэглээний бараа, хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүний танилцуулга, аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгаруулалт, “Алтан намар-2016” хүнсний ногооны худалдааг зохион явууллаа. Эдгээрт Шарын гол, Орхон, Хонгор, Дархан сумын ногоочид, зөгийчид, малчид шинэ ургацын дээж хүнсний ногоо, жимс жимсгэнэ, нөөшилсөн бүтээгдэхүүн, төрөл бүрийн модны суулгац, зөгийн бал, сүү цагаан идээ зэрэг  эко бүтээгдэхүүнийг хямд үнээр хүргэлээ.

Мөн ХААН банкны Дархан салбар үзэсгэлэнг ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж гурван өдрийн турш оролцож иргэдэд өөрийн байгууллагын үйлчилгээг үзүүлж зээлийг газар дээрээс нь олголт хийж ATM-ээр үйлчлэн шинэлэг байдлаар оролцлоо. Үзэсгэлэн худалдааны төгсгөлд шилдгүүдийг шагнаж урамшуулав. “Үзэсгэлэнгийн нэрэмжит хүндэт өргөмжлөл”-өөр “Тунамал Өгөөж” ХХК, ХААН банк, “Мон крем” ХХК, Шарын гол сумын ЗДТГ, Хэнтий БИТ, Орхон сумын “Эрдэнэт зөгий”, “Амтлаг зөгий”  хоршоо, “Амина” үсчин гоо сайхны холбоо, “Эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Хонгор сумын малчин Г.Ганбаатар, “Шилдэг тариаланч”-аар мөн сумын иргэн С.Цэнд-Аюуш, “Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”-ээр Дархан сумын “Мишээл” хуримтлалын бүлэг, “Хэрэглэгчдийн найдвартай Түнш” байгууллагааар “Мерси” салон, “Шилдэг сав баглаа боодолтой хүнсний ногоо”-гоор “Алтан хүнс” групп, “Шилдэг маркетингтай оролцогч”-оор “Глобал трейдинг деволопмент” ХХК, “Импортыг орлох бүтээгдэхүүн”-ээр “Монгол оймс” ХХК-ийн “Илч трико”, “Онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр “Дархан гэрэл” ХХК-ийн “Адууны утсан мах”, “Шинэ технологи нэвтрүүлсэн байгууллага”-аар “Дархан хүнс” ХК, “Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон”-оор “Мөнх дэгжих гал” ХХК, “Төвийн бүсийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Шүтэн-Уул” компанийн “Үйлчилгээний ажилтны хувцас”, “Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Таймлесс” компанийн эсгий шаахай, “Аймгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүн”-ээр “Ариун эх цацал” компанийн “Цөцгийтэй тараг”, “Аймгийн ХАҮТ-ын нэрэмжит цом”-оор “Мөнх-Ундрам хүнс” ХХК, “Аймгийн Брэнд бүтээгдэхүүнээр”-ээр “Мах сервис” компанийн “Гүзээний ороомог”, “Гран при” шагналын эзнээр “Дархан Нэхий” ХК шалгарч өргөмжлөл, цомын эзэн боллоо.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ