Эрүүл Мэндийн төвийн харьяалал шилжих асуудлыг иргэдээс санал авч шийднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-26 23:23:17

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Алтантуяа өөрийн сонгогдсон Дархан сумын 13 дугаар багийн “Альфа” хотхон, ШШГ-ийн ажилчдын байр, “Оргил” хотхон, их сургуулийн гудамжны хэсэгт амьдардаг 859 иргэнийг “Мэдс стоп” өрхийн Эрүүл Мэндийн төвөөс багийн харьяаллын дагуу “Амин холбоо” өрхийн Эрүүл Мэндийн төв рүү шилжүүлж тусламж үйлчилгээ авч байх хүсэлтийг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч болон ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэст тус тус хүргүүлжээ. 

Уг хүсэлтийн талаар аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат аймгийн ЭМГ-ын удирдлагууд болон холбогдох өрхийн эмнэлгийн эмч нартай уулзаж хэлэлцлээ. Монгол Улсын “Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хууль”-д “Монгол Улсын иргэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэртээ байрлах Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмчийг сонгон үйлчлүүлнэ” гэж заасан. Мөн “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь ЭМТ-ийн байршил, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хүрээнд ЭМГ-ын саналыг үндэслэн тогтооно” гэж заасны дагуу иргэдийн эрх ашгийн үүднээс бодит судалгаа хийж багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж иргэдээс санал авч шийдвэрлэхээр боллоо.

Тус “Мэдс стоп” өрхийн эмнэлэг нь одоогоор дөрвөн их эмч, дөрвөн сувилагчтайгаар 4000 гаруй иргэнд, 13 дугаар багийн харьяа “Амин холбоо” өрхийн эмнэлэг нь таван эмч, таван сувилагчтайгаар 3800 орчим иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Эдгээр Өрхийн эмнэлгүүдийн эмч нар дээр дурдагдсан 800 гаруй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл байхгүй гэж байлаа.

                                                                                                                                             Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ