“Peregrine” аппаратад техникийн асуудал үүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-01-09 12:07:45

ПИТСБУРГ, 2024 оны нэгдүгээр сарын 9 /astrobotic/. Америкийн хувийн компанид зохион бүтээсэн, Саран дээр буугч анхны төхөөрөмж болох "Peregrine"-ийн нарны зай хураагуурыг Нар луу чиглүүлэх явцад "техникийн асуудал" тулгарсан тухай уг модулийг бүтээсэн “Astrobotic Technology” компани мэдээлэв.


Мэдээлэлд дурдсанаар, хөөргөснөөс хойш найм орчим цагийн дараа, техникийн саатал илрэхээс өмнө модулийн бүх систем хэвийн ажиллаж байсан ба хөдөлгүүрүүд хэвийн ассан байжээ. Компанийн мэргэжилтнүүдийн олж авсан урьдчилсан мэдээллээр “Peregrine”-ийн хөдөлгүүрийг асаах үед доголдол гарсны улмаас түүнийг Нар луу чиглүүлэх маневр хийх явцад асуудал үүссэн байж болзошгүй бөгөөд хэрэв энэ нь батлагдвал Саран дээр зөөлөн газардах магадлал улам буурна. Үүний зэрэгцээ цэнэг хураагуурын нөөц дуусах дөхсөөр байна.


Astrobotic Technology компани мэдээлэхдээ "Буугч төхөөрөмжийн нарны зайн хавтангууд нь эрчим хүч хуримтлуулахын тулд Нар луу зөв байрлалаар чиглээгүй" гэжээ. "Манай баг цаг тухайд нь арга хэмжээ авч байгаа бөгөөд мэдээлэл хүлээн авч, дүн шинжилгээ хийсний дараа шинэ мэдээллийг өгөх болно" гэж тус компанийн олон нийтийн Х сүлжээн дэх хуудсанд бичжээ.


"Peregrine" буугч төхөөрөмжийг “Vulcan” зөөгч пуужингаар Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас даваа гарагт хөөргөсөн юм. Уг төхөөрөмжийг хоёрдугаар сарын 23-нд Сарны гадаргуу дээр газардуулахаар төлөвлөөд байв. 


Өчигдрийн хөөргөлт бол АНУ-ын түүхэн дэх Сар луу хийсэн анхны арилжааны нислэг бөгөөд "Peregrine" нь НАСА-гийн шинжлэх ухааны тоног төхөөрөмжүүдийг тээж яваа юм. Эдгээр нь Саран дээрээс усны молекулуудыг илрүүлэх, цацраг туяаг хэмжих, устөрөгч, нүүрстөрөгчийн давхар исэл, метан хий байгаа эсэхийг илрүүлэх зориулалттай НАСА-гийн таван өөр шинжлэх ухааны салбарын багаж төхөөрөмжүүд ажээ. Мөн бусад үйлчлүүлэгчдийн 15 ширхэг ачааг уг төхөөрөмжөөр Сар луу илгээсэн байна. Тухайлбал, "Star Trek" телевизийн анхны цувралыг бүтээгч Жен Родденберри, түүний эхнэр, хүү, мөн уг цувралд тоглосон жүжигчин Жеймс Духан, Нишель Николс нарын чандар, АНУ-ын хуучин Ерөнхийлөгч нар болох Жон Кеннеди, Жорж Вашингтон, Дуайт Эйзенхауэр нарын ДНХ-ийн дээжийг тээж яваа юм. 




Холбоотой мэдээ