Artemis II, Artemis III хөтөлбөрүүдийг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-01-10 11:49:17

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 10 /NASA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу НАСА агентлаг Саран дээр сансрын нисгэгчдийг буулгах Artemis II болон Artemis III хөтөлбөрүүдээ хойшлуулсныг тус байгууллагын тэргүүн Билл Нельсон мэдэгджээ. 


"Artemis II" хөтөлбөрийг 2024 оны сүүлчээр, "Artemis III" хөтөлбөрийг 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байв. 


"Аюулгүй байдал бол бидний хувьд нэн тэргүүний зорилт бөгөөд бид Artemis-ийн багуудад эхний бэлтгэл ажилтай холбоотой бэрхшээлийг шийдвэрлэхэд илүү их цаг хугацаа өгөхийг хүсэж байна. Багийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах, хөтөлбөр амжилттай хэрэгжихэд шаардлагатай эд ангиудыг турших явцад батерей болон агааржуулалт, агаарын хэмийн хяналтын системд доголдол гарсныг бид илрүүлсэн" гэж Нельсон ярилаа. Ингээд "Artemis II" хөтөлбөрийг 2025 оны есдүгээр сард,  "Artemis III"-ыг 2026 оны есдүгээр сард тус тус эхлүүлэхээр товлосон байна.


Эдгээр хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг өөрчилсөнтэй холбоотойгоор НАСА Сарны орчимд байгуулах “Gateway” станцынхаа эхний модулийг хөөргөх төлөвлөгөөг мөн хойшлуулжээ. Уг төлөвлөгөөг 2025 оны 10 дугаар сард хэрэгжүүлэх ёстой байв. 


2022 оны наймдугаар сард хэрэгжүүлсэн "Artemis I" хөтөлбөрийн хүрээнд “Orion” сансрын хөлгийг Сар луу амжилттай хөөргөж, уг хөлөг Сарыг тойрон ниссэнийхээ дараа 11 дүгээр сарын Номхон далайд газардсан юм. Харин "Artemis II" хөтөлбөрийн хүрээнд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй сансрын нисгэгчдийн багийг 2024 оны сүүлчээр Сар луу илгээх төлөвлөгөөтай байсан бол "Artemis III"-ын хүрээнд сансрын нисгэгчдийг Сарны өмнөд туйлд анх удаа газардуулахаар төлөвлөсөн байв. 

Холбоотой мэдээ