ОБЕГ гал унтраах тусгай зориулалтын машин авч, нисгэгч инженерүүдийг сургалтад хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-11 12:41:57

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцэн батлав.


Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн юм. ОБЕГ-т гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн I шатны хүрээнд тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, тус байгууллагын албан хаагчдыг сургалтад хамруулан, 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Төслийн II шатыг Онцгой байдлын ерөнхий газар гурван жилийн /2023-2026/ хугацаатай хэрэгжүүлэх ба Франц Улсын Засгийн газраас олгох 13.3 сая еврогийн зээл нь жилийн 0.282 хувийн хүүтэй, таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 15 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй аж. Төслийн хүрээнд хөөсөөр гал түймэр унтраах автомашин, хөөс үүсгэгч бодис, автомеханик шатны автомашин зэргийг тус тус худалдан авахаар төлөвлөжээ.


Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн I шатны хүрээнд 4 нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтцийг байгуулж, нисгэгч инженерүүдийг сургалтад хамруулсан бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 122 хүний амийг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн байна. Төслийн II шатыг Онцгой байдлын ерөнхий газар гурван жилийн /2023-2026/ хугацаатай хэрэгжүүлэх ба Франц Улсын Засгийн газраас олгох 24.7 сая еврогийн зээл нь жилийн 0.282 хувийн хүүтэй, таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 15 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй юм. Төслийн хүрээнд засвар үйлчилгээ, программ хангамж, сургалтад хамруулах зэрэг ажил багтсан аж.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа хуулийн төсөл тус бүр дээр санал хураалт явуулахад олонх дэмжив.


 



Холбоотой мэдээ