Науру улс Тайваньтай дипломат харилцаагаа цуцалсныг АНУ буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-17 15:50:48

ТАЙБЕЙ, 2024 оны нэгдүгээр сарын 17 /Reuters/. АНУ-Тайванийн албан бус харилцааг зохицуулдаг албаны хүн мягмар гарагт мэдэгдэл хийж, Науру улс сонгуулийн дараахан Тайбэйтэй дипломат харилцаагаа цуцлах "бүтэлгүй" шийдвэр гаргалаа хэмээн буруушааж, Бээжингийн өгдөг амлалтууд ихэнхдээ биелдэггүй болохыг анхааруулав.


Номхон далайн арлын улс болох Науру нь Вашингтон, Бээжин хоёрын нөлөөллөө тогтоохын төлөөх ширүүн өрсөлдөөний талбар болоод байна. Вашингтоны хувьд, Номхон далайн арлуудыг “өөрийн арын хашааны улсууд гэж үздэг бол Тайваньтай дипломат харилцаа тогтоосон эдгээр улсад Бээжин таагүй ханддаг.  Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бол Тайвань үүнийг эрс эсэргүүцдэг билээ.


Хятад улс Тайванийн холбоотнуудыг, тэр дундаа Төв Америкийн улсуудыг Тайваниас холдуулж байгаад санаа зовниж байгаагаа АНУ-ын албаны хүмүүс өмнө нь илэрхийлж байсан. Тайваньд ерөнхийлөгчийн сонгууль болсноос ердөө хоёрхон хоногийн дараа буюу даваа гарагт Науру улс Тайваньтай дипломат харилцаагаа цуцалсны дараа тус арлыг (Тайванийг) албан ёсоор хүлээн зөвшөөрсөн улсын тоо 12 боллоо.


Виржини муж улсад төвтэй, Тайвань дахь Америкийн хүрээлэнгийн (AIT) дарга Лаура Розенбергер Тайбэйд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ, Науругийн энэ алхам нь "бүтэлгүй шийдвэр" бөгөөд бүх улс орон Тайваньтай харилцаагаа өргөжүүлэхийг АНУ дэмждэг гэжээ.


"Науругийн засгийн газрын энэхүү шийдвэр нь тусгаар улсын шийдвэр боловч үүнд сэтгэл дундуур байна. Тайваньтай тогтоосон дипломат харилцаагаа цуцалсан улсуудад Хятадын тал ихэнхдээ хоосон амлалт өгдөг" гэж Л.Розенбергер хэлэв.


 

Холбоотой мэдээ