Филиппиний Ерөнхийлөгч Вьетнамд төрийн айлчлал хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-31 12:23:19

ХАНОЙ, 2024 оны нэгдүгээр сарын 31 /OANA/. Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Ромуальдес Маркос, тэргүүн хатагтай Лиза Аранета Маркос нар Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Тхыонг болон түүний гэргийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийв.


Ф.Маркос Филиппиний Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснээс хойш Вьетнамд анх удаа айлчилж буй нь энэ юм. Айлчлалын үеэр Филиппиний Ерөнхийлөгч гэргийн хамт Вьетнамын Ерөнхийлөгч агсан Хо Ши Миний бунханд хүндэтгэл үзүүлж, Ханой хотноо дайчдын хөшөөнд цэцэг өргөжээ.


Филиппийн Ерөнхийлөгч Вьетнамын төрийн тэргүүнтэй хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсоны сацуу Ерөнхий сайд Фам Минь Тинь, Үндэсний ассамблейн дарга Выонг Динь Хюэ нартай уулзсан байна.


Уулзалт, хэлэлцээний үеэр удирдагчид хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж байгааг өндрөөр үнэлж, 2025 онд тохиох стратегийн түншлэлийн 10 жилийн ой, 2026 онд болох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх талаар санал нэгджээ.  


Мөн өндөр дээд төдийгүй бусад түвшний айлчлалыг тогтмол хийх замаар хоёр орны улс төрийн итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон байна. Талууд хоёр талын хамтын ажиллагааны одоогийн механизмыг оновчтой болгож, хоёр улсын хооронд гарын үсэг зурсан баримт бичгүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхээ амлалаа.


Хоёр орны төрийн тэргүүн нар мөн энх тайван, тогтвортой байдал, далай тэнгисийн аюулгүй байдал, Зүүн тэнгист зорчих, тус тэнгисийн дээгүүр навигацын эрх чөлөөг хадгалахын чухлыг онцлон тэмдэглэжээ. Айлчлалын үеэр хоёр тал хамтарсан мэдэгдэл хийсэн байна.


Филиппиний Ерөнхийлөгчийн айлчлал нь Вьетнам, Филиппиний стратегийн түншлэлийн харилцааг нотолж, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж, хоёр талын хамтын ажиллагаанд түлхэц өгч, АСЕАН-ы эв нэгдэл, төвлөрсөн байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

Холбоотой мэдээ