БАЯНХОНГОР: Энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын тов гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан инновацын аймгийн зөвлөл 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнаж, 2024 оны төлөвлөлтөө хэлэлцлээ.
Аймгийн Шинжлэх ухаан инновацын зөвлөлийг аймгийн Засаг даргын орлогч ахлан салбар бүрийн болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
13 заалттай батлан хэрэгжүүлсэн 2023 оны үйл ажиллагааны хүрээнд Мон10 улсын уралдаанд оролцож 20 сая төгрөгийн грантын уралдааны болзол хангасан "Шингэн бордоо төсөл" хэрэгжихэд бэлэн болжээ. Мөн "Шинжлэх ухаанч багачууд" танин мэдэхүйн өдөрлөг, сонирхолтой туршилт, эрдэмтдийн сургалтад орон нутгийн багш, сурагчдаа хамруулсан, инновацын уралдаан шалгаруулсан, эрдэм шинжилгээний хоёр хурлыг зохион байгуулсан, физикийн хичээлийн багаж тоног төхөөрөмжөөр найман сургуулийг хангасан зэрэг ололттой зүйлүүд байсан байна. Харин шинжлэх ухаан инновацын гарааны төслүүдийг санхүүжүүлэх, шинжлэх ухааны бүтээлийг хэвлэх түгээх, нэгэнт бий болсон төслийг үр дүнтэй үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шаардагдах санхүү хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа талаар зөвлөлийн гишүүд ярьж байв.
2024 оны төлөвлөгөөнд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, ногоон байгууламж экологи, эрдэм судалгаа шинжилгээнд чиглэсэн 21 заалт бүхий ажлын төлөвлөгөөг батлахдаа хэд хэдэн онцлогтой ажил тусгасан байна. Тухайлбал, 2024 онд Баянхонгор сумын авто болон явган замын халтиргаа гулгааг арилгахад чиглэсэн энгийн иргэдийн инновацлаг шийдлийн уралдааныг зарлан, шалгарсан төслийг Баянхонгор хөгжлийн корпораци болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, түүнийг худалдан авах замаар иргэний инновацын бүтээлийг дэмжих, Ламын гэгээнтний ойг тохиолдуулан эм зүй, одон орон судлал зэрэг шинжлэх ухааны үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар тусгажээ.
Мөн Эко клубийн сурагчдын хоолны хог хаягдлыг чийгийн улаанаар баяжуулж бий болгосон бордоог ногоон байгууламжид ашиглах, сургалт сурталчилгааг өргөжүүлэх, экологи биологийн залуу багш нарын байгалийн ухааны хичээлийн лаборатори болон дадлага туршилтын талбай бий болгох, ухаалаг хүлэмжийг хүнсний ногооны тариалалтад ашиглах зэрэг онцлог ажлуудыг тусгасан байна.