ӨВӨРХАНГАЙ: Улсын аварга З.Эрдэнэ-Очирынх 2013 оноос хойш 30 гаруй тонн мах борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-02-03 09:06:20

Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Улсын аварга малчин”-аар шалгарсан Бүрд сумын Их боргидой багийн малчин З.Эрдэнэ-Очир, Г.Цэцэгсүрэн нарын шагналыг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хотонд нь очиж гардууллаа.


Аваргынх энэ жил нутагтаа өвөлжөөд “Ангархайн ар” хэмээх газар хаваржаалан арваад хонож байгаа аж. “Он гарснаас хойш цас ахиу унасан. Намрын цас хайлмагтаад сая хүйтрэхэд хөлдөж, малын идэш жаахан ховордсон. Урин цаг ирж буй хойно удахгүй мал ногоотой залгана даа хэмээн З.Эрдэнэ-Очир ярилаа. Тэрбээр 1979 оноос аавыгаа дагаад адуу голдуу мал маллаж байсан бол гэргий Г.Цэцэгсүрэн нь 1984 оноос илгээлтээр мал дээр гарч, аавынхаа хариуцаж байсан бяруу эрчимтэй бойжуулах цэгт малчин болжээ.


Тэд гэрлээд эхний жилдээ 100 бяруу, дараа нь 200 хурга авч онд мэнд оруулан малчин өрхийн хөдөлмөрөө нялх төлөөр эхэлж байсан. Тиймдээ ч одоо төлөө бүрэн бойжуулахад илүү анхаардаг гэв.  “Малын тоо толгой олон байх нь чухал биш. Байгалийн араншин, бэлчээрийн даацдаа тааруулаад тодорхой тоонд барих нь зөв. Тиймээс манайх жилийн жилд малынхаа борлуулалтыг сайн хийдэг. 2013 оноос хойш борлуулсан малаа тооцвол 30 гаруй тоннд элбэг хүрнэ” хэмээн шинэ аварга ярилаа.


 

Холбоотой мэдээ