Бүх нийтийн кросс гүйлт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-29 11:17:15

Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ, Хаан банк хамтран Баруун-Урт сумын нэрэмжит “Марафон 2016” бүх нийтийн кросс гүйлтийг зохион байгуулах гэж байна.

Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, залуучууд, ахмад настнуудыг кросс гүйлт, алхалт, дугуйн спортоор хичээллэх хамрах хүрээг өргөтгөх, нийтийн биеийн тамир, их спорт, олимпизмыг сурталчлах зорилгоор уг гүйлтийг зохион байгуулж байгаа юм.

Тэмцээн 3 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд залуучууд хагас марафон буюу 21 км-т уралдаж, эрэгтэй 20, эмэгтэй 15 тамирчинг шалгаруулан урамшуулахаас гадна эхний 3 байранд өргөмжлөл, медаль гардуулна. 50-аас дээш насны ахмадууд 3 км-т уралдаж, эхний 10 байрыг шалгаруулан Хаан банк урамшуулах юм. Мөн 45-аас дээш насныхны дунд дугуйн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тэмцээн 10 дугаар сарын 1-ний бямба гарагийн 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ