БАЯНХОНГОР: Уулын туруутан амьтдад идэш тэжээл тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-07 20:03:42

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар Шаргалжуут багт нутагладаг уулын туруутан амьтдад биотехникийн арга хэмжээ авлаа.


Тус бүсэд буга, согоо, аргаль, янгир зэрэг амьтад нутагладаг бөгөөд он гарсаар хоёр дахь удаагийн арга хэмжээг авч байгаа аж.   


Дээрх амьтдын тоо толгойг хамгаалах, идэш тэжээлийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх, тархац нутгийг сайжруулах зорилгоор Баянхонгор сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасаг,  Шаргалжуут багийн нутгийн иргэд хамтран хийжээ.


Зэрлэг амьтдын байршил нутгуудад цас их орсны улмаас идэш тэжээлийн хомсдол үүсэж байгаа газруудын судалгаа гаргасан. Биотехникийн ажлыг аль болох хүн, малаас хол, зэрлэг амьтдын шинэ мөр, ялгадас бүхий газрыг сонгон, булаг рашаан, задгай ус, ус цуглах газар, бороо, шар усны үерт урсахгүй тэгш гадаргууд хужир шүү тавьж, багцлах болон тараах аргаар гүйцэтгэж байгаа аж.


Сонирхуулахад, Шаргалжуут нь Баянхонгор суманд харьяалагддаг, рашаанаараа алдартай амралт сувиллын тосгон бөгөөд Баянхонгор хотоос зүүн урагш 54 км зайд оршино. Далайн түвшнээс дээш 2158 метр өндөрт 10 га газрыг 7 сая литр халуун рашаанаар хүрээлэн урсах рашаан нь Дорлиг, Сойдон, Лхам гэх гурван уулсаар хүрээлэгдэн оршдог. Уулс тус бүр Дорлиг-Чулуу, Сойдон-Агаар, Лхам-Рашаан хэмээн био орчныг бий болгогч гурван байгалийн хүчин зүйлийг нэгтгэн илэрхийлж байдаг Монголын хамгийн том орд юм.

Холбоотой мэдээ