Герман, Монгол Улсын хооронд стратегийн түншлэл байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-08 11:28:34

УЛААНБААТАР, 2024 оны хоёрдугаар сарын 8 /DW/. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх нар стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурлаа. 


Штайнмайер хэлэхдээ "ХБНГУ Монгол Улстай зам тээвэр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбар, түүнчлэн уур амьсгалын тогтолцоог хамгаалах асуудлуудаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шаардлагатай байгааг" дурдлаа.


"Герман, Монгол гэсэн ардчилсан орнууд эрх чөлөө, хүний эрхийг хамгаалах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, байгалийн баялгаа хамгаалах, шинэ хөгжил цэцэглэлтийг бий болгож, түүнийг аль болох шударгаар хуваалцахын төлөө улам нягт хамтран ажиллах ёстой гэдэгт итгэлтэй байна" гэж тэрбээр өөрт нь зориулсан төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр хэллээ.


ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын Монгол Улсад хийх төрийн айлчлалын хүрээнд тус улсын эрх баригчид зөвхөн зуны улиралд төрийн зочдыг хүлээн авдаг дипломат уламжлалыг халжээ. Штайнмайерын айлчлалыг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй юм.


Германы Ерөнхийлөгч мөн 13-р зуунд Зүүн Азиас Төв Европ хүртэл үргэлжилсэн эзэнт гүрнийг байгуулж байсан Монголын удирдагч Чингис хааны үндэсний музейд зочилж, нүүдэлчин ахуйтай танилцаж, малчин айлд зочлох бөгөөд монголчуудын 40 хүртэлх хувь нь мал маллаж, нүүдэллэн амьдардаг. Түүнчлэн герман хэлийг гадаад хэл болгон заадаг сургуульд зочлох юм. Монголчуудын 1 орчим хувь нь герман хэлээр ярьдаг.


Герман-Монголын харилцаа


БНМАУ (1992 оноос өмнөх Монгол Улсын нэршил) болон ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон юм. Харин үүнээс 25 жилийн өмнө БНМАУ ба БНАГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ. 2011 онд тухай үеийн Германы Канцлер Ангела Меркель Монгол Улсад айлчилсан бөгөөд тэрбээр тус улсад албан ёсны айлчлал хийсэн Германы анхны Канцлер болсон юм.

Холбоотой мэдээ