ӨВӨРХАНГАЙ: Аварга малчдад шагналыг нь гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-02-09 05:51:47

Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Бат-Өлзий сумаас “Аймгийн аварга малчин” зургаа, “Аймгийн аварга үхэрчин”, “Аймгийн аварга саальчин”, “Аймгийн аварга фермер” тус бүр нэг хүн шалгарлаа.  


Аймгийн аварга малчнаар шалгарсан Зөрүүлэгийн 4 дүгээр багийн малчин А.Лхагвасүрэнгийнх  Улаан хад хэмээх газарт мянга гаруй тооны малтай тавлаг өвөлжиж байна. Түүний аав Аюушжав сум, нэгдлийн олон удаагийн аварга малчин байлаа.




А.Лхагвасүрэн, М.Нэргүй нар гэр бүл болоод 22 жилийг үдэж байна. 2013 онд “Сумын сайн малчин” болж байсан бол арван жилийн дараа амжилтаа ийн ахиулж байгаа юм. Хоёр хүүтэй, том хүүгээ малын эмчээр сургаж байгаа бол бага хүү 11 дүгээр ангид суралцдаг, удам дагасан малчин болохоор бэлтгэгдэж байна.


Тус багийн малчин Б.Пүрэвдорж, С.Энхмаа нар 14 жилийн хамтын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөө төр засгаар үнэлүүлж, “Аймгийн аварга малчин” хэмээх эрхэм цол шагналын эзэд боллоо. Б.Пүрэвдоржийн аав Н.Баярсайхан “Аймгийн аварга малчин” хүн.




2012 онд “Сумын алдарт уяач” болсон, Дорнод, Сүхбаатар угшлын хурдтай залуу аваргынх энэ жил дөрвөн төрөлд мянга гаруй мал тоолуулан онд мэнд оруулж байна.

Мал сүргээ өсгөн үржүүлж, чанаржуулж, нэгж малаас авах бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ашиг шимийг сайжруулан хүнсний хангамжийг нэмэгдүүлж, нутаг орныхоо малчдад үлгэр дуурайлал үзүүлэн манлайлж ажилласан аварга малчдад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон сумын удирдлагууд шагналыг гардууллаа. 

Холбоотой мэдээ