“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-09 19:24:47

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан өндөрлөлөө.


Гурван аваргаар манлайлуулсан уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” компани, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх улсын аварга О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Нью Прогресс”, “Хос Алтайн Хүчтэн” компани, “Хилчин” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх улсын манлай заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.

Улсын аварга О.Хангайгийн хувьд, сар шинийн барилдаанд өмнө нь нэг үзүүрлэсэн бол анх удаа түрүүллээ. Тэрбээр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанаас 30 дахь түрүүгээ авч байгаа нь энэ юм.


Тэгвэл шөвгийн дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат “Ажнай” корпорац, “Аврагч” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх улсын аварга П.Бүрэнтөгс, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат “Нью Майнд” групп, “Сүлд” спорт хороо, “Булган хан” дэвжээний бөх улсын начин начин Д.Амарсайхан шалгарав.


Шөвгийн наймд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат “Степ Гоулд”, “Цагаан сор” компани, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх улсын заан Д.Анар, Завхан аймгийн Яруу сумын харьяат “Жем интернэйшнл” групп, Хилийн цэргийн 0208-р анги, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх улсын заан М.Лхагвагэрэл, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Өнө мөнх хөгжил констракшн” компани, “Валькан” групп, “Монтед” констракшн, Зэвсэгт хүчний 034-р анги, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Булган сумын харьяат “Булган Өгөөж” компани, “Валькан” групп, “Нэгдэл” клуб, Агаарын цэргийн 353 анги, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх улсын харцага Г.Ганхуяг нар үлдлээ. 


Сонирхуулахад, улсын аварга О.Хангай 2024 он гарснаар дөрвөн барилдаанд зодоглон гурав түрүүлж, нэгт нь үзүүрлээд байна. 2010 оноос хойших хугацаанд анх удаа нэг аймгийн бөхчүүд сар шинийн барилдаанд түрүү, үзүүр булаалдлаа.

Мөн Ховдын бөхчүүд сүүлийн зургааан жилд таван удаа эл барилдааны түрүү, үзүүрт шалгарав. Б.Пүрэвсайханы хувьд заан сүүлийн гурван жилд хоёр дахиа үзүүрлэж байгаа юм.


















Холбоотой мэдээ