Марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн зуурдаар нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-02-13 10:33:20

НАЙРОБИ, 2024 оны хоёрдугаар сарын 13 /BBC/. Марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байсан Кенийн тамирчин, 24 настай Келвин Киптум төрөлх улсдаа автомашины ослоор нас баржээ. 


Тэрбээр ням гарагт Кенийн баруун нутагт дасгалжуулагч Жервайс Хакизиманагийн хамт автомашины осолд орсон байна. 


К.Киптум өнгөрсөн 10 дугаар сард болсон Чикагогийн марафонд хоёр цаг 35 секундийн амжилтаар нутагт нэгт тамирчин Элиуд Кипчогегийн эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.


Хоёр тамирчин энэ зун болох Парисын Олимпод улсаа төлөөлөн оролцох марафон гүйлтийн багийн бүрэлдэхүүнд урьдчилсан байдлаар багтаад байлаа. 


Э.Кипчоге X хуудсандаа, өөрийнх нь амжилтыг эвдсэн түүнийг өсөж яваа од, “гайхамшигтай агуу амжилтад хүрч чадах” нэгэн байсныг онцлон дурдаад, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн байна.


Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто "К.Киптум дэлхийд мөрөө үлдээсэн гарамгай тамирчин байсан" хэмээн мэдэгдээд хүндэтгэл үзүүлжээ.

Холбоотой мэдээ