ДАРХАН-УУЛ: “Дархан юнайтед” баг өсвөрийн сагсан бөмбөгийн тамирчидтай нөхөрсгөөр тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал нар өнөөдөр сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Дархан юнайтед” багийн хамт олныг хүлээн авч уулзлаа.
Тус хамт олон туулай жилийн “Онцлох баг хамт олон”-оор хэд хоногийн өмнө шалгарсан юм.
“Дархан юнайтед” баг нийт 17 тамирчнаас бүрддэг бөгөөр эдгээрээс хоёр нь АНУ-аас урилгаар ирж тоглож буй легионер тамирчин аж. Аймгийн удирдлагууд баг хамт олонд амжилт хүсэж, Дархан хотынхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчдаа ямагт дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.
Багийн хамт олон Дархан хотод бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн бөгөөд өнөөдөр сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчидтай бэлтгэл хийх, нөхөрсөг тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Спортын төв ордонд өнөөдөр болох нөхөрсөг тоглолт нээлттэй бөгөөд үүгээр дамжуулан хүүхэд, залуусыг сагсан бөмбөгийн спортыг таниулах, түүгээр хичээллэх хүсэл тэмүүллийг нээхийг зорьжээ.
Ташрамд, аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрийн заалтуудын нэг нь спортыг дэмжихэд чиглэсэн байдаг. Энэ
хүрээнд багийн спортыг дэмжих, хүүхэд залуучуудын бие бялдрыг өв тэгш
хөгжүүлэх, эрүүл чийрэг иргэнийг бэлтгэх, өсвөрийн тамирчдыг дэмжихэд лигийн
тамирчидтай хамтран ажиллаж байна.