Нидерландын тэшүүрчин бүсгүй дэлхийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-02-19 15:47:45

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 19 /РИА Новости/.  Канадын Калгари хотод болж буй тэшүүрийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 5000 м-ийн зайн уралдаанд Нидерландын тэшүүрчин Йой Бёне аваргын алтан медаль хүртлээ.


Тэрбээр 6 минут 47,72 секундийн амжилт үзүүлсэн бол хоёрдугаар байрт шалгарсан түүний нутаг нэгт тамирчин, Олимпын 3 удаагийн аварга Ирен Схаутсен 1,26 секундээр, хүрэл медаль хүртсэн Олимпын 3 удаагийн аварга, Чехийн тамирчин Мартин Сабликова 4,16 секундээр тус тус хоцорч барианд оржээ. Энэ зайд дэлхийн дээд амжилтыг Оросын тэшүүрч Наталья Воронина /6.39,02/ эзэмшдэг.  


Эрэгтэйчүүдийн 10 000 м-ийн зайн уралдаанд 2022 оны Олимпын аварга, Италийн тэшүүрчин Давиде Гьотто /12.38,82/ түрүүлсэн бол хоёрдугаар байрт 2018 оны Олимпын мөнгөн медальт, Канадын тамирчин Тед-Ян Блумен /+8,19/, гуравдугаарт түүний эх орон нэгт Грэм Фиш /+9,79/ нар шалгарлаа.


Эмэгтэйчүүдийн 1500 м-ийн зайд Олимпын хошой аварга, Японы тэшүүрчин Михо Такаги /1.52,29/ түрүүлсэн бол Хятадын Хань Мэй /+0,43/, Нидерландын Бёне /+0,62/ нар удаалжээ.


Эрэгтэйчүүдийн 1500 м-ийн зайд АНУ-ын тамирчин Жордан Штольц /1.41,44/ аваргалсан бол Нидерландын тэшүүрчин, Олимпын 3 удаагийн аварга Кьелд Нёйс /+1,22/, Олимпын аварга, Норвегийн тамирчин Педер Конгсхёуг /+1,22/ нар удаалсан байна.


2023 оны 6 дугаар сард Олон улсын тэшүүрийн холбооны /ISU/ зөвлөлөөс Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх шийдвэрээ хэвээр үлдээсэн юм. Үүний сацуу Орос, Беларусийн тамирчдыг бие даасан статустайгаар олон улсын тэмцээнүүдэд оролцуулахыг зөвлөмж болгосон Олон улсын Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг /2023 оны 3 дугаар сар/ хэрэгжүүлэх боломжийг судлахыг даалгасан тогтоол гаргажээ.

 

 

Холбоотой мэдээ