Дотоодын нийт бүтээгдэхүүн 7 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-21 10:46:25

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 68.9 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 15 (27.9 хувь) их наяд, харин 2015 оны зэрэгцүүлэх үнээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 2 (7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.


ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 онд 4.6 хувиар буурсан бол 2021, 2022 онд 1.6, 5 хувиар 2023 онд 7 хувиар өсжээ. Улирлын нөлөөллийг арилган тооцсон ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн оны 4 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 1.1 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


ДНБ өнгөрсөн онд 7 хувиар өссөний -1.3 нэгж хувийг хөдөө аж ахуйн, 2.6 нэгж хувийг  уул уурхай, олборлолтын, 0.6 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын, 4.3 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.9 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна


ХАА-н салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) өнгөрсөн онд 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 378.5 (8.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.3 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлсэн аж.


Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 онд 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 733.8 (23.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь ДНБ-ий өөрчлөлтөд 2.6 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлжээ.

 

Холбоотой мэдээ